Төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулаад гарсан юм.
Тухайлбал, дээрх асуудлын хүрээнд 2019 онд манай улсын экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа циклтэй холбогдуулан энэ жил л гэхэд 500 сая ам.долларыг төсвөөс хэмнэж үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэж үзэж буйгаа танилцуулав.
Мөн нэгэнт уул, уурхайн салбар нь эдийн засгийн бодит өсөлтөд нөлөөлөхгүй байгаа тул төсвөөс хэмнэж болох мөнгийг хөдөө, аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрт зээл хэлбэрээр гаргах нь эдийн засгаа дэмжих бодит алхам болно гэж үзэж буй талаараа бүлгийн гишүүдэд танилцууллаа. Учир нь, 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байсан бол өдгөө малын тоо, толгой 80 сая гарсан ч аж үйлдвэрийн комбинат байхгүй байгаа нь хөдөө, аж ахуйн салбар уналтад ороход хүргэсэн тул мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэр барьж, байгуулах шаардлагатай талаар танилцуулсан юм.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг нэр бүхий УИХ-ын гишүүд авсанд шүүмжлэлтэй хандаж, Хөгжлийн банк руу хүүгүй мөнгө гаргаж, түүгээрээ дамжуулан зээл олгох боломжтой талаар танилцуулж, УИХ-ын дарга М.Энхболд төсвөөс 10 хувийн хэмнэлт гаргахыг уриалсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 15 хувийн хэмнэлт гаргахыг уриалснаа дахин сануулав.