Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотноо ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар тус улсад болж байгаа ДАШТ-д баг хамт олноо дэмжихээр хүрэлцэн очоод эхний өдрийн хоёр жингийн шигшээ барилдаануудыг үзэж, медалийг гардуулсан бөгөөд тус хотод ажиллах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нартай уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай уулзахдаа маш их баяртай байна. Бид хоёулаа энэ спортод элэгтэй хүмүүс учраас цаашдын харилцаанд маань эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад удаагүй байна. Миний бие хойд хөрштэйгөө харилцаагаа улам өргөжүүлэхийг хүсч байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн үед өсч байгаад хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа их үүрэг гүйцэтгэсэн. Манай хоёр улс 4000 гаруй км газар нутгаар хиллэдэг учраас энэ бүс нутгийн хоорондын харилцааны асуудалд түлхүү анхаарал тавих нь зүйтэй гэж би үзэж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхолтой. Бидний тэргүүлэх чиглэл бол төмөр зам. Энэ салбарт Улаанбаатар төмөр зам хэмээх манай хоёр улсын 50:50 хувийн оролцоотой хувь нийлүүлсэн компани ажиллаж байгаа” гэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: “Ноён Ерөнхийлөгч тантай уулзах завшаан тохиосонд би туйлын баяртай байна. Бид таныг улстөрч бөгөөд чадварлаг тамирчин гэдгээр нь мэддэг. Энд болж буй ДАШТ-ийг Монголын жүдочид амжилттай эхлүүлж байгаад баяр хүргэе. Хоёр талын харилцааны хувьд таны оролцохоор зэхэж буй Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр илүү нухацтай ярилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм. Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна. Бидэнд Владивосток хотод үргэлжлүүлэн нарийн авч хэлэлцэх олон зүйл бий” гэлээ.
Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа буюу 2017 оны 9-р сарын 4-7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорны эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнүүдтэй ажил хэргийн уулзалтууд хийх юм.