Казахстан улсын Ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Нурсултан Назарбаев албан үүргээсээ огцорч байгаагаа мэдэгдлээ.
Нурсултан Назарбаев ард түмэндээ хандан,
“Миний бие Ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдэж байна. Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Гэхдээ би цаашид эх орныг минь чиглүүлэх залуу удирдагч нарт туслах ёстой. Энэ жил миний бие 30 дахь жилдээ Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Миний бие тусгаар тогтносон Казахстан улсын анхны Ерөнхийлөгч болж агуу ард түмнийхээ хайр, хүндлэл дунд энэ эрхэм ажлыг хийж байсандаа үргэлж бахархаж явах болно” гэсэн юм.
Үүний дараа Нурсултан Назарбаевын өөрийн хүсэлтээр огцрох болсныг Казахстан улсын дээд шүүхээс хүлээн зөвшөөрсөн байна. Харин энэ гэнэтийн мэдэгдлийг Казахстаны иргэд цочирдон хүлээн авсан байна.
Нурсултан Назарбаев нь 1991 онд ЗХУ задран унаснаас хойш Казахстаны тэргүүнээр ажиллаж тус улсын улс төрийн нүүр царай, эх орны эцэг байсаар ирсэн юм. Тэрээр хамгийн сүүлд 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт ард иргэдийн 97.7 хувийн саналыг авч, үнэмлэхүй ялалт байгуулан ээлжит таван жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан билээ. Одоогоор түүнийг ямар шалтгааны улмаас хаан ширээнээсээ бууж байгаа талаар албан ёсны тайлбар мэдээлэл алга байна.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар 78 настай түүний биеийн байдал тааруу байгаа учир Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгч байгаа гэв. Харин олон улсын улс төрийн шинжээчид сүүлийн жилүүдэд Казахстан улс даяар өрнөх болсон нэг хүний засаглалыг эсэргүүцсэн жагсаал цуглаан ихээр гарах болсонтой холбоотой байж болох юм хэмээн таамаглаж байгаа аж.
Гэхдээ Нурсултан Назарбаев хэдий Ерөнхийлөгчөөс огцорч байгаа ч Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хэвээр үлдэж байгаа аж. Тиймээс түүнийг улс төрөөс бүр мөсөн зодог тайлж байна гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн гэдэг нь улс орны гадаад болон дотоод хэрэгт оролцож, бодлого тодорхойлох чухал ач холбогдолтойн хувьд Ерөнхийлөгчөөс ч дутахгүй эрх мэдэл гэсэн үг аж. Мөн тэрээр эрх баригч Нур Отан намын тэргүүн хэвээр үлдэх юм.
Харин нэг хүний тогтолцоо бүхий засаг захиргааг эсэргүүцэгчид энэ явдлыг Нурсултан Назарбаев Казахстаны хаан хэвээр үлдэх гэсэн залжин алхам бөгөөд зарчмын хувьд тоглоомын Ерөнхийлөгч томилж өөрөө далдаас бүгдийг удирдсан хэвээр байна. Улс орон даяар олон мянган хүн 30 жилийн турш бий болсон нэг хүний хэмжээлшгүй хаан мэт эрх мэдлийг эсэргүүцэж, засаглалын шинэчлэл хийхийг шаардаж байгаатай холбоотой авч буй арга хэмжээ гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN, Euroasianet