УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Тэрээр улс орны өмнө тулгараад буй эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг даван туулахад ОУВС-гийн хөтөлбөр чухал нөлөөтэй ч малчдын малыг банкинд барьцаалахгүй байх зэрэг хүнд тулгалтуудыг шууд хүлээн авч болохгүй. Улс орны онцлог шинжээ харгалзан үзэж, хэлэлцээр хийх учиртайг хамгийн эхэнд тэмдэглэв. Мөн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд яам, тамгын газрууд онцгой их анхаарч цэргийн ханган нийлүүлтийг дотоодоосоо хийх цаг нь болсон мөн газрын доорхи баялгийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар ард түмэнд өгөөжөө өгөх эрхзүйн орчин үүсгэхийн төлөө УИХ ажиллах учиртайг нэмж хэллээ. Цаашид алтны тушаалтыг зөвхөн Монголбанкинд төвлөрүүлэх замаар алтны бодлогоо нэг мөр шийдэх шаардлага үүсч буйг тодотгов. Тэрээр УИХ, Засгийн газрын гишүүн тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулах замаар татвараас зугтаж буйг онцолж, татварын орлогыг шударга болгох замаар нийгмийн сайн сайханд зарцуулах учиртайг санууллаа. Хууль хяналтын байгууллагууд 60 тэрбумын хэрэг, оффшортнуудын асуудалд анхаарлаа хандуулахгүй, цаг алдаж буй мөртлөө шүүхээс шийдвэр нь гараагүй зарим асуудлыг зориуд улс төржүүлж буйг шүүмжилсэн юм.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: Эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарсныг онцолж, шинэ Засгийн газрыг өндөр ач холбогдол бүхий томоохон төслүүдээ эрчимжүүлэх, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах нь чухал байна гэж тодотголоо. Мөн тэрээр багш нарын цалин нэмэх асуудлаар шинэ Засгийн газар тэдний санал бодлыг сонсох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой ажил хэрэг явуулах хэрэгтэй байгааг илтгэлдээ дурдсан юм. Намрын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ихээхэн нухацтай хандахыг сануулж, чуулганы завсарлагын хугацаанд тодорхой бэлтгэл ажлууд явагдсан гэдгийг нэмж хэллээ.
НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
-Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
-Бусад
УИХ-ын намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдын томилгоо, 2017 оны төсвийн тодотголын тухаай хуулийн төсөл, 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэх юм. Улмаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг пүрэв гаригт УИХ-аар албан ёсоор батламжилж, ирэх долоо хоногт сайд нарын томилгоог явуулахаар хүлээгдэж буй.