Нүүр хуудас Улс төр Хуралдан буй хилэн…

Хуралдан буй хилэн…

117
0
Oyun-erdene
Хуралдан буй хилэн...
~Хуралдан буй хилэн~

Хуралдан буй ард түмний хилэнг улс төрд “хувьсгалын тохироо” хэмээн томъёолдог. Томоохон нийгмийн өөрчлөлтүүдийг хэн нэгэн удирдагч авчирсан гэхээс илүү хувьсгалын тохироо нөхцөл байдал бүрдсэнтэй сүүлийн үеийн судлаачид холбож тайлбарладаг болсон.

Дэлхийд томоохонд тооцогддог 1789 онд эхэлсэн Францын хувьсгалын тохироо 1774 оны санхүүгийн хямралаас үүдсэн гэж үздэг.

1848 оноос Сицилд эхэлж, Франц, Герман, Итали, Австрийг хамарсан хувьсгалт хөдөлгөөн ч хаант засаглал, язгууртан ангийн хэт мөлжлөгийн систем, баян ядуугийн ялгаа гүнзгийрснээс үүдэлтэй.

1917 оны Оросын хувьсгал ч шүдэнз зурахад дэлбэрэхэд бэлэн торхтой дарь шиг бэлтгэгдсэн тариачид болон цөхөрсөн ажилчин ангийн хилэнгээс л улбаатай.

Дэлхийд хувьсгалт өөрчлөлт бүхэн сайн зүйлийг авчраагүй нь түүхэн үнэн.

Гэхдээ хувьсгалт өөрчлөлт бүхэн хуралдан буй ард түмний хилэнг дутуу тооцож, үл ойшоосон харалган удирдагчдаас болдог нь ч бас гашуун үнэн.

Дэлхийд социалист лагерь задарч, өөрчлөн шинэчлэлт сэвэлзэх үед1989 оны 12 сард Монголын ард түмэн Сүхбаатарын талбайг дүүртэл цугларсан нь нэг намын дарангуйлал, төрийн хүнд суртлаас үүдэлтэй хувь хүний эрх чөлөөний төлөөх хилэн байлаа.

Энэ цагаас хойш 27 жил өнгөрчээ. Иргэд маань итгэл тээн сонгууль өгч, өөрчлөлт хүсэн, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон бүрдэхийг тэвчээртэй хүлээсэн.

Сүхбаатарын талбайг зорин ирсэн ард түмэн:

  • Дэлхийд эрэмбэлэгдэх газрын баялагтай ч, хүн амынх нь 30% буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу амьдрахыг хүсээгүй,
  • Банканд байгаа нийт хадгаламжийн 98%-ийг хадгаламж эзэмшигчдийн 2% эзэмшдэг болж, тэдэнд зээлийн хүү төлөхийн төлөө амьдралаа зориулахыг ч төсөөлөөгүй,
  • Нэг хүнд ноогдох газар нутаг, малын тоогоор дэлхийд 1-т жагсдаг ч, газар тариалан хүнсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-д эрэмбэлэгдэж, хаалттай системийн үеэсээ долоо дордохыг ч бодоогүй,
  • Гуравхан сая Монголчууд хүний хөгжлийн индексээр 103-т, хүн амын дундаж наслалтаар 194 орноос 129-д эрэмбэлэгдэж,
  • Хорт хавдрын өвчлөл болон агаарын бохирдлоос хордсон хүүхдийн тоогоор дэлхийд тэргүүлэх гутамшигт байдалд орно гэж зүүдлээгүй,

Шударга ёсны хүсэмжлэл 97% болон нэмэгдэж, Төрд итгэх иргэдийн итгэл 5% болон буурахад, ардчилсан хувьсгал хийсэн удирдагчид нь төрөөс дээгүүр авлигын МАНАН систем бүрдүүлэх хүйтэн санаа гарна чинээ санаагүй бизээ.

Хүнээс илүү мөнгө шүтсэн хүйтэн харилцаа, газрын баялгаар нь гараа угаасан хэдхэн бүлэглэл, утаанд угаартаж амиа алдах бяцхан үрс, бизнес эрхлэгчдээсээ тансаг амьдарсаннийтийн зүтгэлтнүүд, түмнээ биш компаниа төлөөлдөг төрийн түшээд, үзэл бодол, үнэт зүйлгүй эрх ашгийн бүлэглэл болсон нам эвслүүд энэ бүхэн ард түмний хүлээсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм биш байсан.

~Хуралдан буй хилэн~

Тиймээс л ард түмэн дахин хилэгнэж байна.

Төр улстай нь, улс төртэй нь, нам эвсэлтэй нь, орд баялагтай нь, чөлөөт хэвлэлтэй нь, хууль хяналттай нь, шүүх засаглалтай нь барьцаалсан албан бус мөлжлөгийн системийг нураахаар ард түмэн хорин хэмийн хүйтэнд, хорин мянгуулаа нэгдэв.

Тэр өдөр цуглаж өгдөггүй уламжлалт жагсаалыг мэддэг ордны томчууд битгий хэл, зохион байгуулагчид өөрсдөө мэл гайхав. Тачигнасан хүйтэнд тасралтгүй урсах хүмүүсийн цуваанаас, Монгол түмнийхээ цоргисон харцнаас би нэг зүйлийг ойлгосон юм.

  • Хуралдан буй энэ хилэн биднийг дэмжсэндээ ч цугласангүй, М. Энхболдыг эсэргүүцсэндээ ч ирсэнгүй.
  • Шударга бус зүйлсэд эгдүүцсэн өнгөрсөн 27 жилийн шүд зуусан тэвчээр, өнөөдөр алдууран хилэгнэж байгаа юм байна.
  • Өвөг дээдсийн баялгаа, өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар дахин дээрэмдүүлэхийг тэд хүссэнгүй.
  • Энэ цаг үеийн шударга бус тогтолцоо, үр хүүхдэд нь өвлөгдөн очихыг тэд тэвчсэнгүй.

Онолын хувьд Баялгийн тэгш бус байдлын эсрэг Баялагтаа эзэн байхын төлөөх шударга ёсыг хүсэмжилсэн хувьсгалын тохироо Монгол улсад бодитоор бүрэлдэн буй болжээ.

Энэ хүлээлтэд хариулт өгөхөөс өөр гарцгүй. Харин ордон дотор төлөөллөөрөө дамжиж хийх үү?, олон нийт өөрсдөө шууд оролцох уу? Мэдээж миний хувьд төлөөлөл нь олон нийтийн хүсэл тэмүүллийг мэдэрч, ордон дотроо асуудлыг шийдэхийг эрхэмлэнэ.

Харамсалтай нь төр, төрөөс дээрх албан бус мэдлийнхээ өмнө хэрхэн хүчин мөхөстөхийг өнгөрсөн хоёр жил өөрийн биеэр мэдэрлээ.

Өрнөл хэрхэх нь өдгөө цагийн төрийн гурван өндөрлөг, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй шууд хамааралтай нөхцөл байдлын өмнө иржээ.

Харамсалтай нь энэ нөхцөл байдлыг огт ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй хаалгаа түгжин бүгсэн хүн бол УИХ-ын эрхэм дарга М.Энхболд байв.

Хуралдан буй ард түмний хилэнг дутуу тооцон, үл ойшоож, хожим түүхэнд хараар бичигдэн үлдсэн харалган удирдагчдын энэ цаг үеийн төлөөлөл болж байгаагаа өөрөө ч ойлгоогүй явна.

Тэрээр улс төрийн Вакуум орчиндоо энэ бүхнийг огт мэдрээгүй амьдарч байна.

Ард түмнээ цагаан цаас гэж бодсоор л
Архи уувал аргалчихна гэж хүлээсээр л
Цахим орчинг хянах гэж оролдсоор л
Жагсаалыг мөнгөөр хийдэгт итгэсээр л

Цахим ертөнцийн бухимдал, тэр олон сэтгэгдлүүдийг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ганцаараа зохион байгуулж байгаа гэдэгт итгэн, хэвлэлийн хэдэн нөхдөө загнасаар л байна.

Тэр ч бүү хэл олон улсын нэр хүндтэй Aljazeera, Reuters зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлж байгааг ч биднийг зохион байгуулж байгаа хэмээн өндрөөр үнэлсээр л суугаа.

Нэг ангийнх нь 40 гишүүн өөртэй нь ажиллахгүй гэж гарын үсэг зурсанд өнөөдрийг хүртэл итгээгүй архи уугаад суучихвал аргалчихна гэж бодсоор л байна.

Хорин мянган хүн огцрохыг шаардахад хоёр зуун хүн хөлсөөр жагсаад буцсан гэсэн тойрон хүрээлэгчдийнхээ үгэнд итгэчихсэн сууж байна.

Ард түмэн бол цагаан цаас, хуулийн байгууллагууд л чамд халтай гэсэн МАНАН дэглэмийн загалмайлсан эцгийнхээ үгэнд сохроор итгэж, хонгилоо хамгаалан зогссоор л байна.

Урагшлах тусам улам бүр хүндэрнэ гэдгийг шалдан хааны үлгэрийн баатар шиг ойлгоогүй л явна.

М. Энхболд даргаа!

Энэ бүх хувьсан өөрчлөлтийн салхийг та хааж чадахгүй. Тэртээ холоос аравт аравтаараа угсрагдан ирж буй ард түмний хилэнгийн галт тэрэгний зам дээр хөндөлдөн хэвтсээр байвал энэ нь тэвчээр биш тэнэглэл болж хувирна.

Тачигнасан хүйтэнд тайвнаар эв нэгдлээ илэрхийлэхдээ тамхины иш ч хаялгүй үндсэн хуулийн эрхээ эдлэн, тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ нотолж чадсан эрхэм Монгол хүн Танд баярлалаа.

Өвөг дээдэс минь Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Эзэнт гүрнийг 25 жилийн дотор байгуулж байсан. Өдгөө цагийн Монголчууд минь баялагтаа эзэн болж, хүнээ дээдэлсэн шинэ 25 жилийн төлөө хамтдаа үргэлжлүүлэн тэмцэцгээе!!!

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Нийтлэлч Л.Оюун-Эрдэнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here