Нүүр хуудас Улс төр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн мэдээлэл хийлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн мэдээлэл хийлээ

256
0

Үүний дараа Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын 2016 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийсэн юм. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгаар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн танилцуулгадаа Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор “Халх гол төсөл”-ийн төлөвлөгөөг баталж, Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Дорнод аймгийн Халх гол суманд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжүүлэх, загвар аж ахуй байгуулах зорилгоор ХХААХҮЯ-ны харьяа Халх гол төслийн нэгж зохион байгуулсанаар эхэлсэн байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага ХХААХҮЯ-ны хооронд 2011 онд санамж бичиг байгуулан, техник тусалцааны 4.0 сая ам.долларын санхүүжилтээр Дорнод аймгийн Халх голын бүс нутагт Загвар аж ахуйн төслийг хэрэгжүүлэх “мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй”-г гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэн Монгол Улсад албан ёсоор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэдгийг дурдлаа.

Гэвч санхүүжүүлэгч КОЙКА болон гүйцэтгэгч Солонгосын компанийн талаас шалтгаалан хүлээлгэн өгөх хугацаа хойшилсоор өнөөдрийг хүрээд байна. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсаны дагуу 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд зааснаар 2016 оны 12 сард багтаан загвар аж ахуйг хүлээн авахаар хугацааг сунгасан гэдгийг тэрбээр  онцлов.

УИХ-ын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулж, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Мөн Засгийн газар 2016 оны 328 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээ, хилийн зааг болон бүсийн удирдлага зохион байгуулалт, газар ашиглалтын нийтлэг журмыг баталсан байдаг. Гэвч ХХАА-н сайд асан Р.Бурмаагийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А-110 дугаартай тушаалаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хөгжлийн хөтөлбөр, тус бүсэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах байгууллагатай хөрөнгө оруулж, гэрээний загвар, тус бүсэд дагаж мөрдөх тариалангийн үйлдвэрлэл эрхлэх журмыг тус тус баталж, үүнийг үндэслэн бүсийн захиргааны дарга байсан Ж.Энхжаргалын шийдвэрээр тус бүсэд 24 аж ахуйн нэгжид 317,675.624 га талбайг хуваарилан, гэрчилгээ олгосон байна. Энэ нь “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 3.3-т заасан “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно” гэснийг зөрчиж ямар нэг сонгон шалгаруулалт явуулалгүй газрыг хуваарилан олголт хийсэн байна. Ингэхдээ төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалт, Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлаагүй байна  Мөн уг бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалт дахь 152.993,74 га газрын давхардсан асуудлыг өнөөдрийг хүртэл тодорхой зохицуулалтгүй орхисон байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаашид дараах арга хэмжээ авахаар болжээ.

-Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд Засгийн газраас баталсан холбогдох дүрэм журмуудыг зөрчин хууль бусаар олгосон газрын зөвшөөрлүүдийг яаралтай цуцлах арга хэмжээ авах;

-Тус бүсийг хөгжүүлэх талаарх бодлогыг дахин тодорхойлж, аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой тогтвортой эрх зүйн орчныг яаралтай бий болгож, энэ хүрээнд дунд болон урт хугацаанд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах;

-Монгол Улсын болон зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн цөм болоход шаардлагатай бодлогын болон эрх зүйн дэмжлэг, дүрэм журмыг тодорхой болгох;

-Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ нөхцлийг Хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуульд нийцүүлэх;

-Газрын харилцаа эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, газрын нэгдмэл сангийн мэдээлэл, орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллаж, газрын мэдээллийн сангийн зөрүүтэй мэдээллийг судлан эцэслэн шийдвэрлэх

-Нутгийн удирдлагын байгууллагуудтай үйл ажиллагааны зааг ялгааг ойлгомжтой тодорхой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллахаар танилцуулгад тусгасан байв.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Мурат, С.Жавхлан, А.Сүхбат, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлан А.Сүхбат нар уг бүсийг онгон дагшин байгалиар нь хэвээр үлдээх саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг нар Монгол Улс органик цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэх бүс байгуулж, хөдөө аж ахуйн салбараас орлого олох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here