Энэтхэг улс Монголын шинэ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг өөрийн улсдаа айлчлахыг урьсан байна. Х.Баттулга Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай байгаад шүүмжлэлтэй ханддаг нь Энэтхэг-Хятадын харилцаа мухардмал байдалд ороод буй энэ үед ач холбогдолтой юм. Монгол, Энэтхэг хоёр улсын аюулгүй байдал, соёлын харилцаа тогтвортой хөгжсөөр байна. Өнгөрсөн онд Монгол Улс Далай ламыг эх орондоо хүлээн авсны дараа Хятадын зүгээс тус улсад эдийн засгийн хориг тавьсан үед байгалийн нөөц баялаг ихтэй, далайд гарцгүй Монголын зүгээс Энэтхэгт хандсан явдал үүнийг гэрчилнэ. Монголын Засгийн газар Хятадын дарамт шахалтад орж, Төвдийн оюун санааны удирдагчийг цаашид Монголд айлчлан ирэхийг зөвшөөрөхгүй гэдэг амлалт өгсөн юм. Зүүн Азийн энэ улс Хятадтай тогтоосон түншлэлийн харилцаа нь өрийн дарамтад оруулж буй учир Хятадаас эдийн засгийн хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байна.
1989 онд Монголын гадаад худалдааны 1.5 хувийг БНХАУ эзэлж байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар энэ үзүүлэлт 68.5 хувь болж өссөн. Энэ хугацаанд Монголын экспортын 90.5 хувийг Хятад улс эзлэх болов. Монголын нүүрс болон зэсийн орд газрууд Хятадын хараа хяналтад байна гэхэд болно. Энэтхэг улс Хятадтай залгаа оршдог Монгол дахь өөрийн байр сууриа өргөжүүлэх хүсэлтэй байна. 2015 онд Улаанбаатар хотод айлчилсан Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын эхээр Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай зарласан даруйд Энэтхэг улсад айлчлахыг урив.
Дараа нь Ерөнхийлөгч Пранаб Мухержи түүнд захидал илгээж, Энэтхэг, Монгол хоёр улс ардчиллын төлөө байдаг гэдгийг дурдсан байна. Монголд суугаа Энэтхэгийн элчин сайд Т.Суреш Бабу шинэ Ерөнхийлөгчийг албан тушаалаа авсных нь дараа түүнд хамгийн түрүүнд бараалхсан Элчин сайдуудын нэг байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Технологийн их сургуулийн салбарыг Монголд нээх тухай саналыг нь Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг Элчин сайд С.Бабугаас хүсчээ. Мөн тус улсад Энэтхэг-Монголын хамтарсан мэдээлэл технологийн сургууль байгуулах юм.
Н.Модигийн засгийн газар Монголд 1 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон билээ. Орост элэгтэй Х.Баттулга Монголыг бусад тивийн улс орнуудтай түншийн харилцаатай байлгахыг хүсдэг нэгэн. Хэдийгээр Монгол Улс байгалийн нөөц баялаг ихтэй ч сүүлйин жилүүдэд эдийн засгийн буруу бодлого явуулсны уршгаар мөнгөний эргэлт нь буурч, ОУВС-гаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц тусламж авахаар болсон юм. Энэтхэг-Монголын харилцаа батлан хамгаалахын салбарт ч улам өргөжиж байна. Жид бүр Энэтхэг-Монголын хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулж, Монголын цэргийн албан хаагчдыг бэлтгэхэд Энэтхэг улсын зүгээс хувь нэмрээ оруулж буй” гэжээ. Шинэ Делигийн зүгээс үндэснийхээ ашиг сонирхлын дагуу улс орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ, харилцаагаа хязгаарлалтад оруулахгүй гэсэн дохиог Бээжинд өгч байна.