Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийв.
“Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон байна. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагын үүднээс Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн бодлого, төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй, үр ашигтай байх зарчим, төлбөрийн системд оролцогчдод тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлон, хяналт тавих чиглэл, үндэслэл, хэрэглэгч, төв банк болон системийн оролцогчдын эрх хэмжээг зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн төлбөр тооцоог бэлэн болон бэлэн бус төлбөрийн хэрэгслээр хийх зохицуулалтыг өргөтгөн, бэлэн мөнгөний хэрэглээг багасгах, зардлыг хэмнэх, улмаар бэлэн бус төлбөр тооцоог дэмжих зорилгоор цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлох төлбөр тооцооны хэрэгслээр гүйцэтгэх нөхцөл, журмыг тусгажээ. Цаашид зах зээлд нэвтрүүлэх шинэ үйлчилгээ, хэрэгслийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг нь хангах зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна. Ингэснээр төлбөр тооцоо гүйцэтгэхэд үүсч болзошгүй эрсдэл буурч, хэрэглэгчийн итгэл нэмэгдэн, найдвартай, аюулгүй байдал хангагдана хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар ажлын хэсгээс асуулт асуусан юм. Төслийг боловсруулахдаа Монголын банкуудын холбооноос санал авч, хамтран ажилласан бөгөөд ойлголтын зөрүүтэй санал гараагүй байна. Хоёр удаа хэлэлцүүлэг явуулсан бөгөөд үүний дараа цөөн тооны саналыг ажлын хэсэгт ирүүлсэн, үүнийг хэлэлцүүлгийн шатанд тусгах боломжтой талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өгөв. Мөн бэлэн бус төлбөр тооцооны нэг хувийн шимтгэлийн талаарх Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулахдаа, нэг хувийн шимтгэл нь карт гаргасан банк, гүйлгээг дамжуулах үйлчилгээ үзүүлсэн банк, картын төлбөр тооцооны төв зэрэг бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад хуваагддаг болохыг тайлбарласан. Ийнхүү асуулт, хариулт явагдаж дууссны дараа төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхтэй холбоотойгоор санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.