Нүүр хуудас Улс төр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын...

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо дэмжив

325
0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.02.10/ хуралдаж, тус байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн боловсруулсан уг Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд Ажлын хэсэг болон 49 хувийн хувьцааг худалдан авсан талын төлөөллөөс асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Ажлын хэсэг гол буруутныг хэн гэж тодорхойлсон талаар асуулаа. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд “Улсын Их Хурал шийдэх ёстой асуудлыг Ч.Сайханбилэг тэргүүнтэй Засгийн газар дур мэдэн шийдсэн. Төрийн өмчит компанийн өмчлөгч нь Улсын Их Хурал, өмчлөгчөөс асуухгүйгээр Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу. Шударга ёсыг дээдэлсэн, эрх зүйт нийгмийг байгуулалтай улс орын хувьд хууль ярих нь зүй ёсных. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк болон дээрх 49 хувийн хувьцааг худалдан авсан “Монголиан Коппер Корпорейшн” ХХК бол нэгдмэл сонирхолтой этгээдүүд. Нөгөөтэйгүүр Монголбанк, төрийн банкнаас байршуулсан багагүй хэмжээний мөнгө, санхүүжилт Худалдаа хөгжлийн банкинд бий. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг “булаах, хураах, нийгэмчлэх” гэлээ гэж янз бүрээр тайлбарлаж байгаа ч ийм зүйл огт байхгүй. Тогтоолын төслөөр Засгийн газарт хэлцэл хийх замаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг авах ажлыг зохион байгуулах үүрэг өгч байгаа юм” гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж “Санал, дүгнэлт дөрвөн хэсэтэй. Эхний хэсэгт Засгийн газар тодорхой хуулийг зөрчсөн талаарх дүгнэлт байгаа. Хоёрдугаар хэсэгт Монголбанкны ерөнхийлөгч нууц тушаал гарган 360 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар баримт бий. Монголбанк зээл олгодоггүй байхад ийм шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэдгийг тодорхойлсон. Гуравдугаар хэсгээс Худалдаа хөгжлийн банк холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаарх тодорхой үндэслэлүүд байгааг харж болно. Одоо мөрдөж буй эрх зүйн баримт бичгийн хүрээнд арилжааны банк 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүний дээр Санхүүгийн зохицуулах хорооноос авсан зөвшөөрлөөр нэмж 7 төрлийн санхүүгийн зуучлалын үйлчилгээ явуулах эрхтэй болдог. Эдгээрээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байдгийг зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банк аж ахуйн үйл ажиллагаа явуулж, томоохон компаниудыг худалдан авах нэрийдлээр эрхшээлдээ оруулан, цэвэр бизнесийн үйл ажиллагаа явуулсан байгааг санал, дүгнэлтэд тодорхой бичсэн. Санхүүжилтийн эх үүсвэрийн тухайд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 30 жилийн хугацаатай концессын гэрээнд өөрчлөлт оруулаад 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Кью Эс Си” компанид 90 сая ам.доллар шилүүлсэн байдаг. Тус бүр 10 тэрбумаар тооцсон 18 вексель бичиж өгсөн байдаг ба 14 хувийн өнөөдөр Засгийн газар хүүг нь төлөөд явж байна. Энэ бол албан тушаалаа урвуулан, эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдол. Мөн энэ компанид өгсөн 120 орчим сая ам.доллар байна, хугацаа нь тулчихсан байхад өнгөрсөн жил 2020 он хүртэл сунгачихжээ. Хугацаа сунгах шийдвэр гаргасан этгээд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр захирлаар ажиллаж байна. Засгийн газрын баталгаа гаргасан 500 сая ам.долларын асуудал бий, тэд үүнийгээ төлж чадахгүй бол баталгаа гаргаснаараа Засгийн газар хариуцах хуулийн нөхцөл үүсчихээд байгаа юм. Эдгээрийн хүрээнд асуудал яригдаж, шийдвэрлэгдэх юм” гэлээ.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэдийн асуултаар үргэлжилсэн. Арилжааны банкууд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ямар нэг зээл олгохдоо барьцаа, баталгаа гээд тодорхой шалгуур тавьдаг. Тэгвэл Худалдаа хөгжлийн банк, Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд нэр дурдагдсан, ямар ч баталгаагүй компаниудад яагаад зээл олгосон талаар лавлав.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд дурдагдсан өөр өөр өмчлөлтэй, өөр өөр төрлийн үйл ажиллагаатай, тус бүрийн өглөг, авлага, зориулалт бүхий санхүүгийн харилцааг багцлаад суутган тооцох талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дурдсан байгааг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон дурдав. “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгөөс Монгол Улсын арилжааны бүхий л банкинд их хэмжээний мөнгийг Засгийн газраас байршуулсан. Мөн Монголбанк олон төсөл, хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудад мөнгө олгон, байршуулсан байдаг. Худалдаа хөгжлийн банк дотоодын хамгийн том активтай арилжааны банкны хувиар дээрх эх үүсвэрүүдээс санхүүжилт авч, тухайн үед харилцагчдадаа дамжуулан олгож байсан. Харин өнөөдөр яригдаж буй худалдан авалтад ашигласан, Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд дурдагдсан аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлүүдэд Засгийн газрын эх үүсвэрээс олгосон санхүүжилтээс тухайлан зээл өгсөн, ашиглуулсан зүйл байхгүй хэмээлээ. Мөн тэрээр Худалдаа хөгжлийн банкны нийт актив 6 гаруй их наяд төгрөг бөгөөд өнөөдрийн байдлаар тус банк Засгийн газрын 1.1 их наяд төгрөгийн бонд эзэмшиж байгаа нь 2020 он хүртэлх хугацаатай. Мөн Монголбанкнаас нийтдээ 615 сая ам.долларын своп хэлцэлийн авлагатай. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны нийт активын 30-аад хувь нь Засгийн газар, Монголбанкинд байршиж байгаа нь 49 хувийн энгийн хувьцааны худалдан авалттай холбоотойгоор олгосон гэх зээлүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр дүн хэмээн тайлбарласан юм.

Улсын Их Хурлын гишүүд Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гаргаж буй Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Мөн ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаагхудалдан авсан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйл явц байсан бөгөөд Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийнхээ хүрээнд уг асуудлыг авч хэлэлцэж байгааг онцолж байв. Монгол Улсын төсвийн 49 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувь заяа монголын ард түмэнд хамааралтай. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааны худалдан авалтын үйл явцыг хуулийн хүрээнд явагдсан эсэхийг хянан шалгах эрх нь Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн уул уурхай, харилцаа холбоо, нефть импорт, архи, тамхины үйлдвэрлэл зэрэг онцгой салбарт үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын 50 хувийг олон нийтэд нээлттэй хувьцаатай байх эрх зүйн зохицуулалтыг хийх замаар Монгол Улсын баялгийн хуваарилалтыг тэгшитгэх шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хэлж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явуулахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлахыг гишүүд 71.4 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олонг нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here