Нүүр хуудас Шинжлэх ухаан Монгол судлалын эрдэмтэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлэв

Монгол судлалын эрдэмтэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлэв

183
0

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг энэ сарын 05-нд (2017.12.05) МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Монгол судлалын чиглэлийн эрдэмтэн багш нартай чөлөөт уулзалт, ярилцлага өрнүүллээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Энэ уулзалтыг санаачилж, төрөлх сургуулийнхаа эрдэмтэн багш та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Шинжлэх ухаан, боловсролын асуудлыг манай Байнгын хороо хариуцдаг. Өнгөрсөн хугацаанд Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд болон их, дээд сургууль, Шинжлэх ухаан технологийн сан зэрэг байгууллагуудад уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийж, шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдлын талаар нэлээд ойлголттой болсон. Шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчинд шаардлагатай зохицуулалт хийх замаар энэ салбараа хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа.

Шинжлэх ухаан технологийн тухай болон Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бэлтгэх ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулсан. Энэ намрын чуулганы төгсгөлд өргөн барих бодолтой байна.

Одоогийн байдлаар шинжлэх ухааны салбарт төрөөс зарцуулж байгаа хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний 0.1 хувь буюу 40 тэрбум орчим төгрөг байдаг. Үүний 80 хувь нь Шинжлэх ухааны академийн урсгал зардалд явж, үлдсэн 10-20 хувь нь хаанаа ч хүрдэггүй учир салбарын хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил орхигдсон гэдгийг ойлгож байгаа.

Олон улсын жишгээр шинжлэх ухааны салбартаа зарцуулж байгаа хөрөнгө 0.4 хувь хүрэхгүй бол тухайн улсад шинжлэх ухаан үзэгдэл төдий гэдэг. Австри 3.4 хувийг, Герман 3 хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг. Манай улсад энэ байдал өөрчлөгдөх ёстой. Тиймээс энэ уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна” гэв.

Дараа нь Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар хүрээлэнгийнхээ талаар танилцуулахдаа “МУИС-ийн хэмжээнд Монгол судлалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, удирдлага, менежментийн шинэчлэл хийх, Монгол судлалын залуу халааг бэлтгэхэд туслах, чадавхийг сайжруулах, Дэлхийн монгол судлалыг хөхиүлэн дэмжих, бүх талаар хамтран ажиллах, мэдээллээр хангах, сурталчлах, Монгол судлалыг хүртээмжтэй, үр ашигтай бүтээл болгох орчин бүрдүүлэх зорилготой судалгааны байгууллага.

Хүрээлэнгийн тогтмол болон суурь судалгааны зардлыг МУИС санхүүжүүлдэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлаа төсөл, хөтөлбөр, иргэдийн хандиваар босгодог. Манай хамт олон маш цомхон. Бид монгол судлалаар даацтай бүтээл туурвих зорилт тавиад ажиллаж байна” гэв.

Үүний дараа эрдэмтэн багш нар саналаа хэлэв. Тэд:

-Монгол судлалын чиглэлээр дотооддоо сүлжээ лабораториуд байгуулах;

-Залуу, дунд үеийн судлаачдыг бэлтгэх;

-Улс хоорондын эрдэмтдийн судалгааны ажил, хамтарсан төслүүдэд манай төр дэмжлэг үзүүлдэггүйг цаашид өөрчлөх;

-Монгол судлалаар гадаад улс орнууд руу чиглэсэн ажил эрчимжиж байгаа ч өөрийн улсын иргэд, залуусыг хамруулах бодлого орхигдсоныг залруулах;

-Түүхийн бүх цаг үеийг (XX зууны түүх орхигддог) орхигдуулахгүй залуус үе хийгээд олон нийтэд заах, түгээх;

-Түүхийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх;

-Түүх, нийгмийн ухааны судалгааны ажлын дэмжлэг тун муу учир үүнийг төрийн бодлогоор авч явах;

-Эрдэм шинжилгээ, судалгаа, түүхийн бүтээлийг төрөөс үнэлдэг байх;

-Шинжлэх ухааны салбарын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх;

-Шинжлэх ухаан технологийн сангийн хөрөнгө инновацийг л дэмжихэд чиглэдэг болсныг анхаарч, тэгш хуваарилах;

-Эрдмийн зэрэг, цол олгодог байдлыг шударга болгох;

-Улс орнуудын зөөлөн хүчний бодлогын эсрэг Монгол судлалаа хөгжүүлэх;

-Монгол судлалаар суралцах залуусын сонирхлыг нэмэгдүүлэх;

-Энэ салбарыг хөгжүүлэх дэмжлэг төрөөс байхгүй хэрнээ асуудлыг нь улстөржүүлдэг байдлыг зогсоох;

-Монгол судлалын тэргүүлэх чиглэлд түшиглэн улс орны ирээдүйн хөгжлийн төлөвөө тодорхойлдог байх зэрэг өргөн хүрээний санал дэвшүүлэв.

Төгсгөлд нь Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Залуу үеийг шинжлэх ухаанд дуртай, сонирхолтой болгох, залуу үеэ Монгол судлалын төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, эрдэм боловсрол эзэмшүүлэх, мэдээллээр хангах, судалгаа шинжилгээний ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг та бүхний үнэтэй санал, санаачилгыг ямар нэг хэмжээгээр төрийн бодлого тодорхойлох, хуулийн төсөлд тусгахад ашиглана” гээд санал солилцсон эрдэмтэн багш нарт талархал илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here