Португалид бүртгэлтэй “Lamassu” брэнд нь дэлхийн бусад улс орнуудад хууль дүрмийн нөхцөл нь тодорхойгүй, энэ төрлийн үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулсан шинжтэй байгаа тул ийнхүү Швейцарт төвлөрөхөөр болжээ.
“Lamassu Industries AG” нь Швейцарын Люцерн кантонд шилжин суурьшиж, тэндээ үйл ажиллагаа явуулах юм байна. “Lamassu”-гийн мэдээлснээр тэдний данс нээхийг хүссэн хүсэлтүүдийг 15 банк хүлээн авахаас татгалзсан гэнэ.
Биткойны ATM үйлдвэрлэдэг учир “Lamassu”-гийн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа хэмээн тус компани үзэж байна. Тэр ч үүднээс инновацийг дэмждэг, хууль эрхзүйн зохицуулалт нь төгөлдөржсөн Швейцар улсад төвлөрч ажиллахаар шийдсэн байна.
Швейцар улс нь криптод нөхөрсөг ханддаг байдлаараа танигдсан төдийгүй, блокчейны хөгжлийн төв болж байгаа хотуудтай билээ.
Швейцар, Мальт зэрэг улсуудаас гадна Эстони, Лихтенштейн, Бермуда зэрэг улсууд блокчейн болон криптогийн төслүүдэд нааштай хандаж, дэмжин ажиллаж буйгаараа ялгарч байгаа аж.