АНУ Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Санофи” хэмээх эмийн үйлдвэрийн эрдэмтэн судлаачид хамтран ХДХВ-ийг 99 хувь дарангуйлан устгах чадал бүхий эсрэг биеийг гарган авсан талаар “ВВС” агентлаг мэдээлжээ. Судлаачид ХДХВ-тэй 24 сармагчинд гарган авсан эсрэг биеэ туршилтаар тарьж, дараа нь шинжилгээ авахад нэгнийх нь ч шинжилгээний хариу л эерэг гараагүй байна.
Судалгааны багийн гишүүн Гари Набель саяхан “BBC” телевизид ярилцлага өгөхдөө “Туршилтын үр дүн үнэхээр биднийг алмайруулсан. Энэ эсрэг биеийн ХДХВ-ийг дарангуйлах чадвар 99 хувьтай гарсан” гэжээ. Судлаачид шинэ эсрэг биеэ 2018 оны сүүлчээр хүн дээр туршиж үзэхээр төлөвлөж байгаа аж.