Анагаахын салбарын “Megakaryon” компани тэргүүтэй Японы 16 компанийн консорциум зохиомол үүдэл эсийн /iPS-эсүүд/ тромбоцитуудыг /цусны ялтас/ олноор үйлдвэрлэх ажлыг Японы нутаг дэвсгэр дээр зохион байгуулахад хүч чармайлтаа нэгтгэхээр шийджээ. Зохиомол үүдэл эсийг донорын цусны найрлагуудын оронд хэрэглэх зорилго тавьж байгаа аж. Энэ тухай Nikkei сонинд мэдээлжээ.
Ийм арга нь хавьгүй үр ашигтай гэж эрдэмтэд үзэж байгаа юм, учир нь iPS-эсүүдийн тусламжтайгаар бий болгосон тробоцитыг хоёр долоо хоног хүртэл хадгалах боломжтой байдаг бол донороос авсан материалуудыг дөрөв хоногийн дотор багтаж ашиглах шаардлагатай байдгаас гадна хөргөгчинд хадгалж болдоггүй байна. Үүнээс гадна, шинэ арга нь цус юүлэх өвчтөн халдвар авах эрсдлийг бууруулах боломжийг олгодог аж. Дээрх компаниуд санал болгосон технологийн бүрэн хэмжээний клиник туршилтыг ирэх жил явуулах гэж байгаа ба үүнийхээ дараа нөхөн сэргээх анагаах ухааны шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зөвшөөрлийг эрх баригчдаас авах ажээ. Эрдэмтдийн хийсэн тооцооллоор энэ нь дээр дурдсан эмчилгээ хийх шаардлагатай 8 өвчтөн тутмын нэгнийх нь хэрэгцээг хангах ба цаашдын ирээдүйд 3 өвчтөн тутмын нэгнийх нь хэрэгцээг хангах ёстой аж. Японы эмнэлгүүд жил тутам 200 мл-ийн хэмжээтэй 800 000 орчим стандарт донорын тромбоцитыг ашигладаг байна. Үүнд мөн цус ихээр алдах үед үзүүлэх эмнэлгийн тусламж орж байгаа аж. Гэвч Японы хүн ам хэлбэрэлтгүй хөгширч байгаа энэ цаг үед ойрын ирээдүйд донорын хурц дутагдалд орж магадгүй байгаа ба иймд чухамхүү зохиомлоор гаргасан авсан найрлага, эсүүдэд найдахаас аргагүй болж байгаа ажээ.
Японы эрдэмтэн Синья Яманака 2012 онд үүдэл эсийн салбарт судалгаа хийсний төлөө физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэнээс хойш тус салбарыг Японы нийгмийн зүгээс ч тэр Японы Засгийн газрын зүгээс ч тэр сонирхох сонирхол олон дахин нэмэгдсэн юм. Нөхөн сэргээх анагаах ухааныг шинжлэх ухааны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон зарласан байдаг аж.
iPS-эсүүд нь тодорхой химийн үйлчлэл дор дурын төрлийн эс болон хувирах чадвартай байдаг нь аливаа эрхтэний зөөлөн эдийг ургуулах боломжийг онолын хувьд олгодог хэдий ч зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ургуулсан зөөлөн эдийг бие махбодид шилжүүлэн суулгах нь хорт хавдар үүсэхэд хүргэж магадгүй байдаг аж.