Нүүр хуудас Шинжлэх ухаан 300 орчим жилийн настай гүн усны суугаа өт

300 орчим жилийн настай гүн усны суугаа өт

294
0

Филадельфийн Темпл их сургуулийн (АНУ) биологчид Карибын тэнгисийн ёроолоос 300 гаруй жилийн настай Escarpia laminate төрлийн гүн усны суугаа өт илрүүлжээ. Эрдэмтдийн хэлснээр, энэхүү өт нь яст мэлхий юмуу асар том халимыг бодвол судлахад илүү тохиромжтой аж.

Энэхүү өт нь тэнгисийн ёроолд бэхлэгдэж, амьдралынхаа эцсийг хүртэл тэндээ байж, нялцгай биетүүд болон тэнгисийн бусад амьтны сэг зэмээр хооллодог сээр нуруугүй амьтан гэнэ.

Биологчид өтийг бүтэн жил ажиглаад, энэ хугацаанд өт ердөө хагас миллиметрээр өссөнийг илрүүлсэн байна. Харин зарим нь 50-60 см хүрдэг бөгөөд эдгээр нь гурван зуу орчим жилийн настай ажээ.

Энэхүү амьтан бараг үхэж үрэгддэггүй нь сонин. Тэдгээрийн дунд үхэл ердөө 0,6 хувь байжээ. Урт насладаг шалтгааныг нь хараахан илрүүлээгүй ч, өтний байдаг усны бага температураас болоод ингэж урт насладаг байж болох юм хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Судлаачид амьд биетүүдийн дундаас урт настай амьтдыг эртнээс эрж байгаа ажээ. Саяхан болтол тэд зарим нь хоёр зуу орчим жилийн настай Гренландын халимууд, 250 жилийн настай удаан хөдөлгөөнтэй ч,амь бөхтэй Галапагосын яст мэлхийнүүдийг хамгийн урт настайд тооцож байжээ. Эдгээр амьтан яаж ингэж урт насалж чадсаныг эрдэмтэд ойлгох гэж оролдож байгаа гэнэ. Энэ судалгаа нь хүний насыг уртасгахад тусалж болох талтай. Судалгааны дүн “Science of Nature” сэтгүүлд нийтлэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here