Наранд түүхэнд байгаагүй ойрхон зайд хүрч ажиллах сансрын хөлгийг хөөргөх төлөвлөгөөгөө NASA өчигдөр зарлалаа.
2018 оны долдугаар сард Флорида дахь Кеннедийн Сансар Судлалын төвөөс хөөрөх Parker Solar Probe нь хүн төрөлхтнөөс анх удаа нарны атмосфер буюу нарны титэмд ойртож судалгаа хийх хөлөг болж байгаа юм.
Нисэгчгүй сансрын хөлөг нарны гадаргаас 6.3 сая километрийн зайтай тойрог замд ажиллана. Энэ тойрог зам дахь халууны хэмжээ Цельсийн 1,377 хэм орчим байх ба хөлөг нь ийм халууныг тэвчих чадвартай 11.43 см зузаан тусгай хайлшаар бүрхэгдсэн байх гэнэ.
Жижиг автомашины хэмжээтэй хөлөг долоон жилийн хугацаанд долоон удаа нарыг бүтэн тойрох ба NASA уг аялалыг “экстрем аялал” гэж нэрлэж байгаа юм.
Цагт 692,000 км хурдтай аялах бөгөөд энэ нь Нью Йоркоос Токио хүртэл замыг минут хүрэхгүй хугацаанд туулна гэсэн үг. Судалгааны дүнд дэлхийн цаг уур, сансрын хөлгүүд, хиймэл дагуулд нөлөө үзүүлдэг нарны шуургыг ойлгох боломж нэмэгдэнэ.
Аялалыг анх “Solar Probe Plus” гэж нэрлэх гэж байснаа сүүлд 89 настай астрофизикч Еюген Паркерийн нэрээр нэрлэхээр болжээ. Тэрээр 1958 онд анх удаа нарнын шуургын талаар судалгааны бүтээлээ нийтлүүлж байсан юм.
Энэ нь NASA анх удаа амьд хүний нэрээр сансрын хөлгөө нэрлэж байгаа тохиолдол юм байна. Удахгүй 90 насныхаа ойг тэмдэглэх гэж байгаа профессор Паркер аялалын үр дүнд ямар нэг сонирхолтой нээлт гарна гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ.