Нүүр хуудас Эдийн засаг Гагнуурын электродын үйлдвэр ашиглалтад орлоо.

Гагнуурын электродын үйлдвэр ашиглалтад орлоо.

224
0

Шинжлэх ухаан, сургалт, инновацийн үйл ажиллагаа эрхэлж мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд манай улсад анх удаа “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ыг байгуулсан. Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулагдсан энэ байгууллага “Хүний экологийн төв”,

Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг тус парк

  • “Технологи, инновацийг хөгжүүлэх төв”,
  • “Үйлдвэрлэлийн технологийн төв”,
  • “Хүний экологийн төв” гэсэн үндсэн гурван нэгжтэй.

Мөн дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” ажиллуулдаг байна. “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк” нь орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “статус”-аар үйл ажиллагаа явуулах юм. Тэд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Эрдэнэт хотын хогны бүтцийг судалж, хог боловсруулах үйлдвэр байгуулахаар судалжээ. Мөн хөдөлгүүрийн асаалтын хувиргагчийг амжилттай зохион бүтээсэн байна. Цаашид зэс бүтээгдэхүүн, усан суурьт будаг, эмульс, цахилгааны автомат тоолуур, лааз үйлдвэрлэх, гэр хорооллын дулаан хангамж, хөрсний нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийхэд шаардлагатай судалгааг эхлүүлжээ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт өргөн хэрэглэдэг гагнуурын электродын хэрэглээний дийлэнхийг бид импортолдог.  ”Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэдэг. Зөвхөн ”Эрдэнэт үйлдвэр” гэхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа өдөрт 60 тонн гагнуурын электрод хэрэглэдэг аж.

“Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ын эрдэмтэд энэ хэрэгцээг олж харснаар олон улсын ISO 9001:2007 стандартын шаардлагад нийцсэн олон төрлийн ган, нерж гагнах гурван нэр төрлийн электродын үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

Энэ үйлдвэр хоногт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай. Нээлтийн ёслолын үеэр ЭШУТП-ын захирал, Ph.D Г.Энхбаяр ярихдаа “Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зардалд орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг зарцуулсан. Үүн дээр манай судлаачдын туршилт, судалгаа, зарим төрлийн тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээх ажлуудад 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үйлдвэр өртгөө хоёр жилд нөхнө” гэлээ. Ийнхүү бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гагнуурын электродын хэрэгцээг хангах хүсэлтээ ч гаргажээ.

“Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк” хими, биологи, нано биотехнологийн лаборатори байгуулах зорилтыг дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд “Хүний экологийн төв” буюу химийн лабораторио ашиглалтад орууллаа. Тус төв нь обьект, ус, хөрс, агаар болон бүх төрлийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа материалаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх 22 төрлийн хүнд металл, 5 төрлийн металл бус химийн элементийг тодорхойлох судалгааг хийх юм.

Эдгээрээс хүний үс, шүлс, цус, шээсэнд шинжилгээ хийж хүнд металл тодорхойлно. Ингэснээр хүний эрүүл мэндийг хамгаалах, орчны химийн сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж ЭШУТП-ын судлаачид тайлбарласан юм. Энэ нь үйлдвэр дагсан Эрдэнэт хотод нэн чухал төв гэж үзэж буйгаа нээлтийн ёслолд оролцсон зочид онцолж байлаа.

“Хүний экологийн төв” нь одоогоор судалгаа, шинжилгээний 50 орчим арга, аргачлалыг амжилттай туршаад байгаа гэнэ. Уг төвийг нээхэд орон нутгийн төсвөөс 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here