Нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлох “Сoal mongolia” олон улсын чуулга уулзалт 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалт нь “Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор явагдаж байгаа юм.
Манай улсын нүүрсний салбар өнгөрсөн оноос сэргэж дотоодын хэрэгцээнд 8,0 сая тонн нүүрс нийлүүлж, 25,8 сая тонн нүүрс экспорлосон байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 4,4 сая тонн нүүрс дотоодын хэрэгцээнд нийлүүлж, 21,1 сая тонн нүүрс экспортложээ. Энэ нь түүхэн дээд амжилт болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Coal Mongolia 2017” чуулганд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ дурджээ. Энэ удаагийн чуулган хөрөнгө оруулагчид гэхээсээ илүү нүүрсний худалдаа, тээвэр ложистик хийх, технологи нийлүүлэх сонирхолтой компаниуд түлхүү оролцож байна. Манай улс 2005 оноос нүүрсээ экспортлож эхэлсэн. Нүүрсний 96 хувийг Хятад улсад нийлүүлдэг. Энэ нь тус улсын импортын нүүрсний 40 хувийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Тус чуулганд БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн мэргэжилтнүүд оролцож байгаагаас гадна нүүрс олборлогчид мөн нүүрс худалдан авагчид ч оролцож байна. Харин Хятадын төрийн болон төрийн байгууллагад ажилладаг төлөөллүүд ирэхээр төлөвлөгдөж байсан ч улс төрийн шалтгаанаар виз нь цуцлагдсан болохыг зохион байгуулагчид онцоллоо. Тодруулбал, Гашуунсухай боомтын Хятадын талын захиргааны дарга чуулган болохоос гурав хоногийн өмнө “Засгийн газар зөвшөөрсөнгүй” гэдэг шалтгаанаар ирэхгүй болсноо мэдэгдсэн байна.
Өдгөө Тавантолгойн ордоос нүүрс ачиж Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ руу гаргаж байгаа бүх машиныг нэг бүрчлэн шалгаж хил нэвтрүүлдэг болсноор нүүрсний машины цуваа 200 гаруй километрт хүрсэн. Хятадын хил хэвийн үедээ өдөрт 1,500 машин нэвтрүүлдэг байсан бол одоо 500 машин л хилээр гарч байгаа юм. Хэрэв “Сoal mongolia”-д Гашуунсухай боомтын Хятадын талын захиргааны дарга ирсэн бол дээрх асуудалд хариулт авах боломжтой байсан гэдгийг зохион байгуулагч Л.Наранбаатар хэллээ.
Мөн Хятадын төрийн өмчит компаниуд “Сoal mongolia” чуулганд оролцохоор төлөвлөгдөж байсан боловч мөн л виз нь цуцлагдсан байна. Жил бүрийн “Coal Mongolia ОХУ-аас гадна Хятад, Япон, Солонгос улсын элчин сайд нар оролцдог. Тэгвэл энэ удаагийн чуулга уулзалтад Хятадын элчин сайд оролцсонгүй. Чуулганы эхний өдөр Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум зохион байгуулагдах ч Хятадын зөвхөн хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд иржээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын үеэр “Восточный” боомтоор Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгаа талаар ярьсан байдаг. Энэ талаар чуулганы зохион байгуулагч Л.Наранбаатараас тодруулахад:”Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт руу 280 км төмөр замаа тавьж чадаагүй л байгаа. Үүнийгээ найман жил гацаачихаад Орос руу 5000 км нүүрс тээвэрлэх ямар ч боломжгүй. Ний нуугүй хэлэхэд, 5000 км замаар нүүрс тээвэрлэж зарна гэвэл нүүрснийхээ зах зээлийн үнээс 3 дахин давсан өртөг зарцуулна. Нөгөө талаар ОХУ манай улс хоёрын хооронд худалдан авагч улс биш. Төмөр зам гацаасан өнгөрсөн хугацаанд хэн хожив, ОХУ л хожсон. Эрүүл ухаантай хүмүүсийн ярьдаг зүйл огтхон ч биш” гэлээ.