Өнөөдөр нийслэл хотноо “Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд ялагчдаа тодрууллаа. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой тус марафонд хотын удирдлагууд иргэдээ уриалан, хамт гүйснээс гадна тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй нийт 33 мянга гаруй иргэн оролцсоноороо онцлог болсон юм.
Олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй юм. 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд гадна, дотно сонирхогч, дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй 27 мянга гаруй хүн оролцож байсан бол энэ жил 33 мянга гаруй иргэн оролцлоо. Тэмцээнийг нээж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хийж, “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарав.
Марафонд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кетрин Элизабет Арнолд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр нар оролцсоноороо онцлог боллоо.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчид 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд уралдав. “Элит” гараанд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Монголын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Д.Гантөмөр, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Монголын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр, Япон улсын тамирчин Ямамото Яшихиро, Япон улсын тамирчин Вүчибара Арата нарын тамирчид гарсан.
Тэмцээний 21 км-ийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлж, 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин Силлас К.Санг тэргүүлж, 2-р байрт “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр, 3-т “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав нар оров.
Эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, 2-р байрт ОУХМ Ч.Шинэцэцэг, 3-р байрт ОУХМ Ц.Санжидмаа нар тэргүүлжээ.
“Улаанбаатар марафон”-ын ялагч Кени улсын тамирчин Силлас К.Сан эрэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайг 2 цаг 13 минутад туулж тэргүүлэв. Түүний хувийн амжилт нь 2 цаг 12 минут 23 секунд аж. Тэрбээр “Улаанбаатар марафонд анх удаа ирж оролцож байна. Зам, цаг агаар бүгд тааламжтай сайхан байлаа” гэжээ.