Сангийн яам Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын “Дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх төсөл”-тэй хамтран санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын ажилтнуудад зориулсан баруун бүсийн сургалтыг анх удаа Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 5 аймгийн Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын албаны ажилтнууд оролцож дотоод аудитын стандарт, гарын авлага, аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх арга барил, Олон улсын чиг хандлага болон Сангийн яамнаас баримтлаж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, Мэргэшсэн дотоод аудиторын зэргийн талаар танилцуулга хийгдлээ. Сангийн яамнаас Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын нэгжийг удирдлага, арга зүйн стандартаар ханган ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх, шинэ мэдлэг, мэдээлэл олгон ажиллаж байгаа юм. Баруун бүсийн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын албаны ажилтнуудаас гарсан санал, хүсэлтийг шийдвэрлэх, бодлого чиглэлдээ тусган ажиллахаар боллоо.
Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас Дэлхийн банкны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх төслүүдтэй хамтран 2016 онд нийт 13 сургалтаар 914 албан хаагчдад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын хууль эрх зүйн орчин, эрсдэлийн удирдлага, цаашид авах арга хэмжээ, ажлын баримтыг бүрдүүлж хэвших талаар онолын болон практик заавар, зааварчилгаа өгч ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд төвийн болон зүүн бүсийн сургалтуудыг Дэлхийн банк болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран нийт 93 сургалтын зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 11264 мэргэжилтэн, албан хаагчдыг хамруулсан байна.