Эүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн тус байгууллагаас зорилтот бүлгийн 75 иргэний эрүүл мэндийн даатгалын нэг жилийн төлбөрийг хариуцан төлөх болжээ. Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зорилтот бүлгийн гурван иргэний эрүүл мэндийн даатгалын нэг жилийн төлбөр болох 172 мянга 800 төгрөг /хүн тус бүр 57 600 төг/-ийг даатгуулагчийн өмнөөс төлж, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр гардуулав.
Энэ үеэр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ч.Отгончанрав, “Би эрүүл мэндийн шалтгааны улмаас 2013 оноос ажил хөдөлмөр эрхэлээгүй өдийг хүрсэн. Үүнээс болоод эрүүл мэндийн даатгалаа төлж чадахгүй тасарчихаад байсан юм. Эрүүл мэндийн даатгалгүй болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй байлаа. Өнөөдөр ЭМНДЕГ надад маш том боломж олголоо” гэв.
Мөн 21 дүгээр хорооны иргэн Д.Одгэрэл, “Өнөөдөр шинэ дэвтрээ аваад дүүргийн Эрүүл мэндийн төв дээрээ бүх төрлийн шинжилгээ өглөө. Харин одоо Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчтэйгээ хамт нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явах гэж байна. Дэвтрээ аваад л ашиг тусыг нь хүртэж эхэллээ” хэмээв.
75 иргэний эрүүл мэндийн даатгалыг хариуцан төлөхөд нийт 4 сая 320 мянган төгрөг болж байгаа аж.
Нүүр хуудас Эрүүл мэнд Зорилтот бүлгийн 75 иргэний эрүүл мэндийн даатгалын нэг жилийн төлбөрийг төллөө