Нүүр хуудас Гадаад мэдээ Нацистуудын аймшигт тамын тогооноос оргож чадсан 10 хүн

Нацистуудын аймшигт тамын тогооноос оргож чадсан 10 хүн

560
0

Гитлерийн Нацистуудын аймшигт тамын тогоо гэгддэг “Освенцим” буюу Аушвицын хорих лагерь сая сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон “үхлийн фабрик”-аас амьд гарч, оргоно гэдэг боломжгүй хэмээгдэж, чанга хатуу дэглэмтэй гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ. Тус хорих лагераас 900 хоригдол оргох гэж оролдож байсан ч, ердөө 144 хүн амьд гарч чадсан байдаг. Энэхүү хорих лагераас оргож чадсан 10 хүнийг танилцуулж байна.

 1.Евгениуш Бендера (Eugeniusz Bendera)

Евгениуш Бендера нь нэр нь үл мэдэгдэх 3 залуугийн хамтаар аймшигт Аушвицын хорих лагераас оргож чадсан юм. Түүний хоригдохоос өмнөх амьдрал ямар байсан нь тодорхой бус бөгөөд хэнийг ч оргож чаддаггүй шоронгоос амьд мэнд гарсан гэдгээрээ шарласан түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлж чадсан юм. Тэрээр Украйн хүн байсан ба Аушвицын хорих лагерт машины механикчаар ажилладаг байв. Залуу тэндээ найз нөхөдтэй болж, тамын агуйгаас гарах төлөвлөгөө болосвруулж эхэлжээ. 1942 оны 6-р сарын 20-ны өдөр Бендера нь найз Пэлчовский болон 2 залуугийн хамтаар оргох ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэд гол бааз руу хог хаяхаар явсан бөгөөд гурав нь офицеруудын хувцсыг хулгайлж, Бендера граж руу яван, лагерын хамгийн хурдан машиныг олж, асаан нөхдийнхөө байгаа газар руу хөдөлсөн байна.Бендера залуусаа машинд суулгаж, төв хаалган дээр очсон бөгөөд дүрэмт хувцас өмссөн Пэлчовский үүдний харуулд хаалга онгойлгохыг тушааж, тэд тамын тогооноос оргож чадсан юм. Залуус 2 цагийн турш зогсолгүй явж, машинаасаа буун, ойд нуугдсан бөгөөд хэдэн тийш салж явахаар тохирчээ. Ямартай ч Бендера Варсавд суурьшиж, 1980 онд амьсгал хураах хүртлээ тус хотод амьдарсан гэдэг. Харин бусад залуусын тухай баттай мэдээлэл байдаггүй аж.

2.Тадэүс Вьетковски (Tadeusz Wiejowski)

Аушвицын хорих лагераас амжилттай оргож чадсан хамгийн анхны хүн бол Польш гуталчин Тадэүс Вейжовски юм.1940 оны 6-р сарын 14-нд хамгийн анхны хоригдол болж, Аушвицид ирсэн бөгөөд тэнд ажиллаж байсан 5 Польш эрийг оргоход нь туслаж, хамтдаа хорих лагераас зугтсан байдаг. 1940 оны 7-р сарын 6-нд тэд амжилттай оргож чадсан ба залуус Вьетковскид хоол хүнс болон мөнгө өгч, явуулсан байна. Харин түүнтэй хамт оргосон 5 залуугийн 4 нь амиа алдсан бөгөөд 5 дахь эр дайн дууссаны дараа мөн л нас барсан аж. Вьетковски төрсөн нутагтаа эргэж ирэн, бүтэн жилийн турш нуугджээ. Харин үүнийхээ дараа баригдаж, Жаслогийн шоронд орон, цаазлуулсан байна.

3.Рудольф Врба (Rudolf Vrba)

Рудольф Врба нь 1924 онд Чехословакт төрсөн бөгөөд хамгийн анх Аушвицын хорих лагерын тухай үнэнг мэдэж, хүмүүст дэлгэсэн хүн юм. 1942 онд түүнийг баривчилж, Аушвицын хорих лагерт шилжүүлсэн байна. Түүнийг Германаар ярьж чаддаг болохыг мэдсэний дараа, Нацистуудын гарт амиа алдсан хүмүүсийн эд хөрөнгийг цэгцэлж, агуулахад ажиллуулахаар томилсон аж. Удалгүй тэрээр хорих лагерын бүртгэгч болсон бөгөөд хүүр шатаах зуух болон хийн өрөөнүүдийг олж харан, айж балмагдсан байна. 1944 онд Врба, Альфред Велтзер гэх хоригдлын хамтаар барилгын талбайд мод бэлтгэж байгаад нуугдаж, 3 хоногийн дараа бүх зүйлс намжсаны дараа шөнөөр гарч, хорих лагераас зугтаж чадсан аж. Тэд Словакийн Зилина хотод очиж, Еврейчүүдийн удирдагчтай уулзаж, өөрсдийн харсан үзсэн бүхнээ хэлсэн бөгөөд тэдний мэдээллийг АНУ болон Британы засгийн газар, Унгарын Еврей удирдагчид руу илгээсэн аж. Уг мэдэгдэлд Врба Унгарын еврейчүүдийг Аушвицын хорих лагер руу тээвэрлэх гэж байгаа тухай анхааруулсан байсан хэдий ч, Унгарын еврей удирдагчид хэтэрхий хожимдож мэдсэн тул, яаж ч чадалгүй олон зуун мянган еврейчүүдийг Нацистуудын гарт хөнөөлгөсөн юм. Дайны дараа Врба хуримаа хийж, охинтой болсон бөгөөд Британий Колумбд суурьшиж, фармакологийн профессор болсон байна.

4.Жерзи Биелекки (Jerzy Bielecki)

Жерзи Биелекки бол 1944 онд Аушвицын хорих лагераас амжилттай зугтаж чадсан Польшийн католик шашинт эр юм. Тэрээр 1940 онд хорих лагерт ирж, хоригдсон бөгөөд үр тарианы агуулах дээр хувиарлагдан ажиллаж байжээ. 1943 онд тэрээр агуулах дээр ажиллаж байхдаа Сила Сибулска гэх бүсгүйтэй танилцаж, аажим аажмаар нэг нэгэндээ сэтгэл алдарч, дурласан байна. Силагийн амь нас хутганы ирэн дээр байгааг мэдсэн Жерзи амраг хайртыгаа оргуулахаар төлөвлөж эхэлсэн аж.Тэрээр эргүүлийн дүрэмт хувцас олж, фермд ажиллаж байгаа Силаг авчир гэсэн бичиг гаргуулж, хайрт бүсгүйгээ аван зальтай аргаар оргож чаджээ. Тэд 10 хоногийн турш зогсолтгүй явж, Жерзигийн авга ахын гэрт нуугдаж байгаад, салж яван дайны дараа эргэж уулзахаар болсон байна. Харин удалгүй Силад Жерзиг нас барсан, Жерзид Силаг нас барсан гэх бичиг ирж, тэд хагацал үзэж, шархалсан зүрхтэй хоцорчээ. Гэтэл энэ бүхэн худал байсан бөгөөд тэд 40 жилийн дараа 1983 онд уулзалдаж, нэг нэгнийгээ амьд байгааг мэдэж, тун ч их баярласан гэдэг. Залуухан Еврей бүсгүйн амийг аварч чадсан Жерзид шударга ёсны одон медаль гардуулж, хэдий хожимдсон ч гэлээ, түүний зориг ухааныг үнэлж, сайшаасан билээ.

 5.Саймон Гроновски (Simon Gronowski)

11 настай Еврей хүү Саймон аав ээжийнхээ хамтаар баригдаж, Аушвицын хорих лагерт хоригдсон байна. Түүний аав нь хэсэг бүлэг эрчүүдийн хамт лагераас зугтахаар төлөвлөж, хүүгээ аван зориг шулуудан оргон зугтаж, гал тэргэнд сууж чадсан байна. Гэтэл тэдний араас цэргүүд хөөж, Саймонг аав нь галт тэрэгнээс буулгаж, ой руу зугтаарай хэмээсэн аж. Саймон ч аавынхаа үгэнд орж, эргэж харалгүй ой руу орсон бөгөөд буун дуу гарахыг сонссон гэдэг. Хүү шөнөжин ойгоор гүйсээр нэгэн тосгонд очиж, айлын хаалгыг нүдэхэд залуухан бүсгүй онгойлгон, хүүгийн тухай цагдаад мэдэгджээ. Орон нутгийн цагдаа Саймонд хоол хүнс өгч, түүнд туслан, аавынх нь амьдарч байсан Бруссель хүрэх галт тэргэнд суулгасан байна. Хүүг Бруссельд очиход азаар аав нь амьд байсан бөгөөд тэд дайн дуусах хүртэл Католик айлд нуугдаж амь гарсан байдаг. Харамсалтай нь Саймоны ээж болон эгч нь Аушвицын хорих лагерт амиа алдсан байна. Саймон дайны дараа Бруссельд сууршиж, гэр бүлтэй болж, хуульч болсон юм. Тэрээр эрх чөлөө, энх тайван байдлын төлөө ажиллаж, суралцах хэрэгтэй болохыг хүүхдүүдэд зөвлөж, лекц уншдаг ба хорих лагер дахь аймшигт өдрүүдийг дурсах тун ч дургүй гэнэ.

6.Витолд Пилекки (Witold Pilecki)

Витолд Пилекки бол өөрийн сайн дураар Аушвицын хорих лагерт очиж, тэндээсээ оргосон цор ганц хүн юм. Тэрээр 39 насандаа Польшийн дайнд Нацистуудын эсрэг тулалдаж байсан бөгөөд аймшигт Аушвицын хорих лагерын тухай сонсмогцоо илүү их мэдээлэл цуглуулахын тулд өөрийн биеэр очиж үзэхийг хүсэн, 1940 онд сайн дураараа баригдан хорих лагерт иржээ.Тэрээр Аушвицын хорих лагерт 3 жил амьдарсан бөгөөд тэр хугацаандаа хорих лагерын тухай мэдээллүүдийг гадагш дамжуулдаг байжээ. 1943 оны 4-р сард Витолд Польшийн арми хорих лагер руу хэзээ дайрахыг хүлээж тэсэхээ больж, оргохоор шийдсэн байна. 4-р сарын 26-ны өдөр тэрээр 2 залуугийн хамтаар лагерын гадна байрлах нарийн боовны үйлдвэрт ажиллахаар болсон ба эргүүлийн анхаарлыг сарниулж байгаад зугтаж чадсан аж. Витоалд Варсав хотод ирмэгцээ, Варсавын бослогод оролцож, эцэстээ Нацистуудад баривчлагдан дахин шоронд хоригдох болжээ. 1945 оны 4-р сард АНУ-ын арми түүнийг сулласан байна. Дараа нь тэрээр Итали дахь Польшийн II-р корпус тагнуулын албанд ирж нэгдсэн бөгөөд 1947 онд Польшийн коммунист эрх баригч нар түүнийг байцааж, эрүүдэн шүүн, эцэстээ цаазаар авсан гэдэг. Харин өнөө хэр нь түүнийг хаана оршуулсан болох нь тодорхойгүй хэвээр байна.

7.Герман Шаян (Herman Shine)

Герман Шаян нь Берлин хотод Еврей гэр бүлд төржээ. Тэрээр 1939 онд найз Дриммерийн хамтаар “Sachsenhausen” лагерт хоригдож, 1942 оны 10 сард Аушвицын хорих лагерт шилжин очсон байна. Залуус лагерын гадна байрлах барилгын ажил дээр томилогдож, Жозеф Врона гэх залуутай танилцан, хамтдаа оргох талаар төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. 1944 оны 9-р сарын 20-ны шөнө тэд оргож, шуудуунд нуугдсан бөгөөд лагераас 16 км явж, Вронагийн фермд хүрсэн байна. Тэд Зөвлөлтийн арми Германчууд руу дайрах хүртэл, 4 сарын турш фермд нуугдсан бөгөөд Герман Шаян дайн дуусах хүртэл Польш айлд нуугдаж амьдарсан байна. Сүүлд энх цаг ирж, Герман болон Дриммер нар гэр бүлтэй болж, Калифорнид цагаачилсан аж. Сүүлд Дриммер нас барсны дараа, Герман Шаян найзынхаа эр зоригийг магтаж, ярилцлага өгсөн байдаг.

8.Жорж Гинзбург (George Ginzburg)

Еврей гэр бүлд төрж өссөн Жорж Гинзбург нь Нацистуудыг хүчирхэгжсэний дараа Германы эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож, 1942 онд баривчлагдан 3 сар шоронд хоригджээ. Түүнийг дараа нь “Үхлийн фабрик” гэх Аушвицын хорих лагерт шилжүүлжсэн байна. Тэрээр механикч мэргэжилтэй байсан тул газар тариалангийн үйлдвэрт томилогдож, ажиллах болжээ. 1945 онд Зөвлөлтийн цэргүүд Аушвицыг чөлөөлөхөөр ирж байгааг мэдсэн Нацистууд 58,000 хоригдлыг жагсааж, шатаах зууханд хийхээр цуглуулсан байна. Тухайн үед Герман цэргүүдийн зохион байгуулалт, хараа хяналт сул байгааг анзаарсан Жорж зугтах тухай бодож эхэлсэн аж. Жорж харуулуудаас татсан тамхины ишийг нь авч, үнэрээ далдаж, үнэрч нохойд баригдахгүйн тулд биеэ бүхэлд нь тамхины ишээр арчсан байна. Дараа нь ахин өөр нэг Герман цэргээс тамхи гуйхад, өнөөх цэрэг өөр нэгнээс асуухаар явах хооронд Жорж зугтаж амжсан аж. Тэрээр ой руу орж, үхсэн Орос цэргийн цогцсыг олж, хувцсыг нь сольж өмссөн бөгөөд 2 өдрийн дараа түүнийг Орос цэргүүд олж, хооллон амийг нь аварчээ. Дараа нь түүнийг Берлин руу буцааж, ээжтэй нь уулзуулсан байна. Сүүлд Жорж АНУ-ын армид орчуулагчаар ажиллаж, Израилийн цагдаагийн албанд алба хааж, эцэст нь Австралид шинэ амьдралаа эхлэхээр цагаачилсан юм.

9.Август Конгалкзк (August Kowalczyk)

Польшийн армийн цэрэг Август Конгалкзк нь 1940 онд баригдаж, Аушвицын хорих лагерт хүргэгдсэн байна. 1942 оны 6-р сарын 10-нд аймшигт тамын тогооноос оргох гэж оролдсон 50 хүний нэг нь Авсгуст юм. Залуус ажлын талбай дээрээсээ бөөнөөрөө зугтахыг оролдсон боловч, тэдний ихэнх нь баригдаж, буудуулж үхсэн байдаг. Харин азаар зугтаж чадсан 9 залуусын дунд Август багтаж байв. Залуу лагераас 12 км явж, нэгэн айлд нуугдсан бөгөөд 7 долоо хоногийн дараа Майков дахь Польшийн армид нэгдэхээр төлөвлөж байжээ.

Дайн дууссаны дараа тэрээр Польшдоо алдартай жүжигчин болсон бөгөөд “Prisoner 6804” гэх өөрийн орголтын тухай нэг хүний жүжгээрээ олон хүний анхаарлыг татаж, алдаршсан байдаг. Тэрээр 2012 онд 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

10.Иан Комски (Jan Komski)

1915 онд Польш улсад мэндэлсэн Иан Комски нь чадварлаг уран бүтээлч байсан бөгөөд 1940 оны 2-р сард тэрээр Польшийг орхиж, Франц руу явахаар төлөвлөж байжээ. Харин түүнийг Франц явах замд Германчууд баривчилж, Аушвицын хорих лагерт хүргэсэн байна. Комски 1940 оны 6-р сард Аушвицын хорих лагерт ирсэн ба түүнд 564 гэх номер өгчээ. Тэрээр лагерыг өргөтгөх ажилд гар бие оролцож, архитектурыг нь хариуцдаг байв. Харин 1942 оны өвөл Комски зугтахаар шийдэж, нарийн төлөвлөсний эцэст тэндээс 3 хоригдлын хамтаар амь гарч чадсан бөгөөд тухайн өвөл лагерт 150,000 гаруй хоригдлууд байсны ихэнх нь амь насаа алдсан гэдэг. Түүнтэй хамт оргосон эрчүүдийн нэг болох Кузбара нь цэргийн хувцсыг хулгайлж өмсөн, өнөөх гурван хоригдлоо авч яваа мэтээр жүжиглэсэн байна. Тэд эргүүлүүдийг хуурч, бүгдээр лагераас гарч чадсан бөгөөд хувцсаа сольж, хэсэгтээ нуугдах газар олохоор тал тал тийшээ тарж явжээ. Энэ бүхэн ингээд дууссангүй арай хийн аймшигт газраас амьд гарч чадсан Комски нь Краковд ахин баригдаж,  4 өөр хорих лагер дамжсан байдаг. Харин сүүлд түүнийг АНУ-ын арми сулласан юм. Дайны дараа Комски нь Аушвицын хорих лагераас амьд гарч чадсан нэгэн бүсгүйтэй гэрлэж, Вашигтон хотод амьдрах болжээ. Тэрээр “The Washington Post” сонинд олон жил ажиллаж, 2002 онд 87 насандаа нас барсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here