Нүүр хуудас Гадаад мэдээ Шинзо Абэ: Сонгогчид бидэнд дахин итгэл хүлээлгэв.

Шинзо Абэ: Сонгогчид бидэнд дахин итгэл хүлээлгэв.

113
0

Японы парламентын төлөөлөгчдийн буюу Доод танхимын ээлжит бус сонгууль энэ сарын 22-нд боллоо. Төлөөлөгчдийн танхимын энэ удаагийн сонгуульд 1180 нэр дэвшигч парламентын 465 суудлын төлөө өрсөлдсөн байна. Сонгуульд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн удирддаг эрх баригч Либерал Ардчилсан нам 312 суудал буюу танхимын гуравны хоёрыг эзэлж, үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ удаагийн ялалтад сөрөг хүчний хуваагдал, сонгуулийн ирц бага байсан зэрэг нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Либерал Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, цөмийн эрчим хүчийг устгах эсэх зэрэг асуудлыг багтаасан аж. Шинзо Абэ сонгуулийн дүн гарсны дараа “Сонгогчид бидэнд дахин итгэл хүлээлгэв. Бид улс төрийн тогтвортой платформыг ашиглан энэ улс орны өмнө тулгамдаж буй гол асуудлуудыг шийдвэрлэх болно. Сонгуулийн кампанит ажлын үеэр амласан миний гол зорилгуудын нэг бол Умард Солонгостой хатуу тэмцэх явдал. Ингэхийн тулд холбогдох улс орнуудтай дипломат харилцаагаа бэхжүүлэх болно” гэжээ. Ээлжит ялалт нь Шинзо Абэд ирэх жил Либерал Ардчилсан намын даргаар дахин сонгогдох боломж бүрдүүлээд зогсохгүй 2021 он хүртэл Японы Засгийн газрыг удирдаж магадгүй байна. Тэрбээр Японы Ерөнхий сайдаар 2129 дэх өдрөө ажиллаж байгаа бөгөөд 2021 он хүртэл улиран сонгогдвол Япон улсын түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болох юм. Шинзо Абэ Японы эдийн засгийг сэргээх зорилгоор 2013 оноос эхлэн эдийн засгийн өсөлтийг хурдасгах “Гурван үзүүрт” гэж нэрлэгдэх бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлээд байна. Либерал Ардчилсан нам сонгуульд ялснаар Япон улс цаашид мөнгөний бодлогоо улам зөөлрүүлэх чиглэлтэй байгааг шинжээчид онцоллоо. Энэхүү бодлогын нөлөөгөөр тус улсын хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа сүүлийн 20 жилд байгаагүй дээд төвшиндөө хүрч, Азидаа хоёрдугаарт бичигддэг эдийн засаг нь сүүлийн зургаан улирал дараалан өссөн үзүүлэлттэй гарсан юм. Цаашид Японы эрх баригчдын хувьд хамгийн том сорилт нь улсын өрийн менежментийг сайжруулах, цалингийн төвшнийг нэмэгдүүлэх, мөн хүн амын насжилт явагдаж байгаатай холбогдуулж хөдөлмөрийн зах зээлийн эрсдэлийг бууруулах зэрэг асуудлууд байна. Шинзо Абэ нь энэ онд олон нийтийн шүүмжлэлд өртөж хувийн рейтинг нь унаад байсан ч энэ удаагийн ялалт нь ард түмэн түүнд итгэл хүлээлгэж, улс төрийн тогтвортой, бат бэх суурийг бэхжүүлэх хүсэлтэй байгаа нь харагдаж байна гэж мэдэгджээ. Шинзо Абэ БНАСАУ- ын эсрэг шахалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ АНУ- тай харилцаагаа бэхжүүлэх бодлого баримталж байгаа талаар ажиглагчид онцолж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Азийн орнуудад хийх айлчлалынхаа хүрээнд Японд айлчилна. Гэхдээ Япон улсад ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарахгүй гэж шинжээчид хэлж байна. Шинзо Абэ 2020 он гэхэд Япон улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж байгаа аж. Энэ хүрээнд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай болох юм. Харин ард иргэд нь энэ асуудлаар хоёр талд хуваагдсан саналтай байгааг сүүлд явуулсан санал асуулгаас харж болохоор байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here