Нүүр хуудас Нийгэм Бурхан багшийн их дүйчин өдрөөр 14-р далай багш мэндчилгээ дэвшүүллээ.

Бурхан багшийн их дүйчин өдрөөр 14-р далай багш мэндчилгээ дэвшүүллээ.

140
0

Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар  зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ. Уг чуулганы тунхаглалд:

Дэлхийн буддистуудын холбооны чуулганаас Балбын эрхэмсэг махаража Весакийн их дүйчэн сарын шинийн 15-ныг тус улсын нийтээр тэмдэглэх баяр болгосон өршөөнгүй шийдвэрт талархаж байгааг тэмдэглэхийн сацуу ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ачит багш Буддын дурсгалд зориулж, 5-р сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгохыг олон, цөөн гэлтгүй буддистууд амьдардаг бүх орны засгийн газрын тэргүүнүүдэд уриалж байна.

1999 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болсон.

Энэ жил  Бурхан багшийн Их дүйчэн өдөр /2017.06.10/ тохиолоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү билэгт сайн өдөр хүн зон сэтгэлийн амар амгаланг хурааж, үйлдсэн буян түмэнтэй арвиждагийг бясалган бие биедээ энэрэнгүй сэтгэлийг түгээж, элдэв үгсийг хэлэлцэн эв эетэй байж, бусдад урам зориг өгөн амар амгалан байх аваас бид бүхний өмнө тулгарч буй олон арван асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх, аз жаргалтай хотыг бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Бурхан шашинаар дамжуулан хотын соёлыг бий болгох, ард олныг гэгээрүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдэх, шашин соёлын арга хэмжээнд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох цаашлаад, хүмүүнлэг энэрэнгүй зөв сэтгэлтэй иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд шашины байгууллагуудын үүрэг оролцоо их юм. Бурхан багшийн Их дүйчэн өдрийг өргөн тэмдэглэж, гүн хүндэтгэл үзүүлж буй Гандантэгчэнлин хийдийн хамт олон, хамтран зохион байгуулж буй сүм, хийд бусад албан байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье. Та бүхний буян номын ажлыг үргэлж дэмжин ажиллах болно. “Сэтгэл ариусахуй” уриан дор зохион байгуулж буй сүрт жагсаалд хүрэлцэн ирж, даган баясаж буй нийслэлчүүд та бүхний бодол оюун номын ариун хураар тэтгэгдэж, ашид амгалан байх болтугай” хэмээлээ.

Буддын шашинт улс орнууд  энэхүү өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд бусдад туслах аливаа сайныг үйлдэх зэргээр ариун цагаан сэтгэлийг улам бүр дэвжээн зуны тэргүүн сарын турш буян номын үйлсэд шамддаг уламжлалтай.Гандантэгчэнлин хийдээс Д.Сүхбаатарын талбай руу баярын үйл ажиллагааны сүрт жагсаал, бясалгалын флашмоб төв талбайд болж, Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав 14-р далай багшийн мэндчилгээг дамжуулж , Хутагт хувилгаадын төлөөлөл Жонон Ханчэн гэгээн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Бурхан багшийн ариун дагшин газар’ сэдвээр илтгэл тавьж, урлаг соёлын одод оролцсон арга хэмжээ болж өнгөрлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here