Нүүр хуудас Нийгэм Дэлхийн ур чадварын тэмцээнээс Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртлээ.

Дэлхийн ур чадварын тэмцээнээс Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртлээ.

126
0

Ж.Жанлав-Ойдов зурган илэрцүүд

Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс хэд хэдэн онцлогтой болж өнгөрсөн юм. 44 дэх удаагийн ур чадварын тэмцээнд манай баг тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилготой оролцсон бөгөөд зургаан төрөлд өрсөлдсөн залуус маань зорилгоо амжилттай биелүүллээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн гагнуурын төрөлд оролцсон Техник, технологийн коллежийн төгсөгч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор тусгай байрын шагнал хүртэв. Тэрбээр энэ амжилтаараа тус төрөлд оролцсон 34 орны оролцогчоос 18 дугаар байр эзэлсэн юм.

Мужааны төрөлд оролцсон Техник, технологийн политехник, коллежийн төгсөгч Н.Эрдэнэмөнх 691 оноо авсан байна. Тэрбээр нэмж есөн оноо авсан бол шагналт байрт шалгарах боломжтой байсан. Цахилгааны төрөлд оролцсон Налайх МСҮТ-ийн төгсөгч Л.Төгөлдөрийн хувьд 674 оноо авсан нь 2015 оны оролцогчийн амжилтыг ахиулсан дүн юм. Тогоочийн төрөлд оролцсон Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Б.Дагвасүрэн 673 оноо авсан нь мөн л өмнөх жилийн амжилтыг ахиулсан явдал байлаа.

Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс анх удаа оролцож буй Сантехникийн төрөлд оролцсон Ц.Долгормаа 660 оноо авч чадлаа. Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгчийн үзүүлсэн уг амжилт нь дараа дараагийн тэмцээнүүдэд Монгол Улс энэ төрлөөр өндөр амжилт үзүүлэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Өрөг угсралтын төрөлд оролцсон Барилгын политехник коллежийн оюутан Ц.Мягмарсүрэн даалгавруудаа амжилттай дуусгаж 659 оноо авчээ.

Энэ удаагийн тэмцээний өрөг угсралтын төрөлд Арабын нэгдсэн Эмират улсын сүлд тэмдэг болох шонхор шувуу бүтээх маш хүнд даалгавар ирснийг оролцогчид, эксперт багш нар онцолж байсан юм. Тодруулбал, зөвхөн шонхорын бүтээлийн тэр хэсэгт 100-гаад тоосго зүсэж өрсөн байна. Энэ төрлөөр манай улс 2015 онд 26 орноос 25 дугаарт орж байсан амжилтыг Ц.Мягмарсүрэн огцом ахиулж чадлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here