Нүүр хуудас Нийгэм Манай эдийн засаг өсөж байгаа нь уул уурхайн салбарын сэргэлттэй холбоотой.

Манай эдийн засаг өсөж байгаа нь уул уурхайн салбарын сэргэлттэй холбоотой.

160
0

Монголбанкнаас зарласан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр валютын харилцах хадгаламж 56.2 тэрбум төгрөгөөр буурсан төгрөгийн хадгаламж 88.4 тэрбум төгрөгөөр өссөн гэж мэдээллээ. Нийт хадгаламжийн 73.4 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, үлдсэнийг нь валютын хадгаламж эзэлж байна.. Валютын хадгаламжаа төгрөгт шилжүүлэх явц он гарснаас хойш эрчимжсэн гэнэ. Хугацаа хэтэрсэн зээл түрүү сарынхтай ижил, нийт зээлийн долоо гаруй хувийг эзэлж, Ипотекийн зээлийн 1.8 хувь нь л чанаргүй зээл гэсэн ангилалд багтжээ. Төгрөгийн хувьд ам.доллар, юанийн эсрэг чангарч, евротой харьцах ханш нь тогтворжсон . Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр валютын нөөц нэмэгдэж дөрвөн тэрбум ам.доллар хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, гадаад өрийн зохистой бүтэц, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болох хүлээлттэй байгаа гэж Монгол банкнаас мэдээлсэн юм.

Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхайн салбарын идэвхжил, нүүрсний үнэ өссөний дээр экспорт нь нэмэгдсэн, зэсийн үнэ муугүй байгаа, төмрийн хүдрийн үнэ өсөлттэй гэх зах зээлийн эерэг орчин уул уурхайн салбарын идэвхжилд нөлөөлжээ. Мөн энэ салбарт дуулдаж буй сайн мэдээнүүд ч эдийн засагт эергээр нөлөөлсөн. Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьд хувьцааны ханш нь энэ сарын 25-нд хамгийн өндөр буюу 24 орчим хувиар өсч арилжааг хаасан бол Хөшөөтөд нүүрс олборлодог “Mongolian energy corporation”-ий хувьцаа 5.7 хувиар өсчээ. Хөшөөтийн хувьд Шинжаан Уйгарын автомат бүсийн баруун хойд хилийн боомтоор хийдэг нүүрсний экспортоо зогсоосон ч удахгүй үргэлжлүүлэх хүлээлттэй байгаа юм. “ММС”-гийн тухайд Таван толгойн нүүрсний экспорт сэргэсэн нь сайн мэдээ болж буй. Үүнээс гадна “Энержи ресурс” компанийн Өмнөд Монголын гангийн хамгийн том үйлдвэр Bao­tou Iron & Steel групптэй 10 жилийн, урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хувьцааны өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Baotou Iron & Steel группийн тухайд бидний ярьж заншсанаар Бугатын гангийн үйлдвэр юм. Бугатыг Хятаддаа Монголын хилтэй хамгийн ойр байрлалтай, ган үйлдвэрлэлийн төв бүс, гол зах зээл гэдгийг уншигчид андахгүй. Гэрээний хүрээнд “Энержи ресурс” жил бүр таван сая хүртэлх тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүнийг Бугатын гангийн үйлдвэрт шууд нийлүүлнэ. Монголын Таван толгойн нүүрсэн бүтээгдэхүүн ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр, эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ гэсэн мэдээ зах зээлд сайн мэдээ болж хүрсэн хэрэг. Нүүрсээ дотооддоо өртөг шингээн баяжуулж, бүтээгдэхүүн болгосны эцэст экспортлоод, эцсийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нь эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлэх юм. Төмөр зам, дэд бүтэцгүй, дээр нь Таван толгойд нэгдсэн менежмент, үнийн бодлого байхгүйгээс нүүрсээ уурхайн амнаас түүхийгээр нь гаргаж, Хятадын ченжүүдэд ашиг, орлогоо алдаж буй ийм үед Бугатын гангийн үйлдвэртэй шууд харилцаж эхлэх гэрээ сайн мэдээ болж байгааг МMC-гийн хувьцааны огцом өсөлт харууллаа.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэресурс девелопмент” компанийн хувьцааны ханш ч өсч байна. Энэ сарын 25-ны мэдээгээр хувьцааных нь ханш 2.5 хувиар өсчээ. “Эрдэнэресурс девелопмент”-ийн хувьд Алтаннаран, Баянхөндийн алт зэсийн ордод хайгуул хийж байгаа энэ компани өнөө жил Торонтогийн хөрөнгийн бирж дээр 13.8 сая канад долларын хөрөнгө босгосон нь Монголын хайгуулын салбарт 2012 оноос хойш  хамгийн том санхүүжилт болсон юм. Канадын “Эрдэнэ ресурс”-ийн хайгуул хийж буй төслүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа Баян хөндийн алтны орд газрын нөөцийн хэмжээ үлэмж их болох нь батлагдсан.  “Алтан нар” төслийн хувьд 2011 оны дунд үед компанийн геологичид уг ордыг илрүүлж өнөөг хүртэл хайгуул хийж байна. Алтан нар орд манай улсын баруун өмнөд хэсэгт байрлах Тиан Шан зэс-алтны бүсэд багтдаг, Хятадын Сэкэ хотоос 250 км-т байрладаг юм. Энэ бүсэд Оюу толгой орд ч багтдаг.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Профес девелопмент” компанийн хувьцаа 2.65 хувиар өсөөд байна. Улаан овоогийн нүүрсний ордод олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Профес девелопмент” компани нүүрснийхээ боломжит хэрэглэгчдийн судалгааг хийж эхэлжээ. Үүнээс гадна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг ихэнх компаниудын хувьцааны ханш өссөн дүнтэй байна.

Өнгөрсөн оны төгсгөлд нүүрсний үнэ огцом өссөн нь манай эдийн засагт эерэг нөлөөлсөн  байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here