Нүүр хуудас Нийгэм ТАНИЛЦ: БНСУ руу зорчих олон удаагийн виз олгох шинэчлэгдсэн журам

ТАНИЛЦ: БНСУ руу зорчих олон удаагийн виз олгох шинэчлэгдсэн журам

1278
0
Solongos_ulsiin_biz_olgoh_juram
ТАНИЛЦ: БНСУ руу зорчих олон удаагийн виз олгох шинэчлэгдсэн журам
~БНСУ руу зорчих олон удаагийн виз олгох шинэчлэгдсэн журам~

Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Канмуг Монгол иргэдийн БНСУ-руу зорчих олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт түүнийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “БНСУ-руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ дангаараа өөрчлөлт оруулдаггүй, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг.

Өнөөдрийн байдлаар мянга орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн виз авсан бол 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз эзэмшдэг” гэлээ.

Хуучин журмаар олон удаагийн визийг олгохдоо долоон шалгуур хангасан тохиолдолд виз олгодог байсан бол энэ удаагийн шинэчлэлээр нэмж зургаан шалгуурыг тусгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, шинэ журамд нийт 13 шалгууртай болгожээ.

ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ЖУРАМ

-БНСУ-д зорчиж байсан иргэн

-Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

-БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

-БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн

-БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)

-Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн

-Байнгын зорчигч – БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн

ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ЖУРАМ ДЭЭР НЭМЭГДЭЭД

-Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

-Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн

-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл татвар төлөгч аж, ахуйн нэгжийн хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

-БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)

-Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

-500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

ХУГАЦААНЫ ТУХАЙД

Одоогийн мөрдөж буй журмаар олон удаагийн виз авахад эхлээд нэг жилээр олгоод оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй, визний хугацаандаа хоёр ба түүнээс дээш удаа зорчсон тохиолдолд оршин суух хугацаа 90 хоног,

визний хүчинтэй хугацаа хоёр жил, энэ хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй, байнгын зорчдод хамаарах иргэн оршин суух хугацаа 90 хоног, визний хүчинтэй хугацаа хоёр жилийн олон удаагийн виз олгодог байв.

Шинэ журамд олон удаагийн визний нөхцөл хангаж буй иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх мөн оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж шууд гурав болон таван жилийн олон удаагийн визийг олгох боломжтой аж.

Кил Канмуг: БНСУ-руу виз мэдүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 130 хувиар өссөн

Мэдээллийн дараа БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Канмугаас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Шинэчлэгдсэн журам хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?

-Олон удаагийн визний журмыг нарийвчилж дуусахаар аль болох хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ер нь аравдугаар сараас эхлэн шинэчилсэн журмаа хэрэгжүүлж эхлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

Гэхдээ үүнийг хурдан хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа нь саад болж байна. Тийм учраас шинэчилсэн журмыг нарийвчлан тогтсоны дараа хэрэгжүүлж эхэлнэ.

-Солонгос улс руу манай улсаас хэчнээн иргэн виз мэдүүлэх хүсэлт гаргадаг юм бэ. Үүнээс яг хэд нь виз авдаг вэ?

-2016 онд 60 мянган иргэн виз мэдүүлж байсан. Харин 2017 онд 130 мянган монгол иргэн солонгост зорчих визний хүсэлт гаргасан. 2018 оны долоон сарын байдлаар 88 мянган иргэн визний хүсэлт гаргасан. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 130 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол их байдаг гэсэн. Одоогоор хэчнээн монгол иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр шалгагдаж байна вэ?

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал нь виз мэдүүлэх хугацаагаараа ялгаатай. Нийт тооноос илүү нэг жишээ хэлэхэд, долоо хоногт 1000 бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн тохиолдол байна.

Таван сая төгрөгийн барьцаа буюу санхүүгийн чадавхыг илэрхийлсэн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх тохиолдол маш их байдаг. Тиймээс Солонгос улс руу виз хүсэх иргэд зуучлагч байгууллагуудад хууртагдахгүй байхыг анхааруулж байна. Виз хүсэгч банкинд мөнгө байршуулсан эсэхийг хурдан хугацаанд шалган, тогтоодог.

Тэгэхээр таван сая төгрөг байршуулах, банкны баталгаа хийж өгнө гэсэн зуучлагчийн үйлдэлд битгий хууртаасай гэж хүсэж байна.

-Виз мэдүүлээд мэдэгдэх хугацаа удааширч байна. Энэ талаар?

-Виз мэдүүлэх хугацаа албан ёсоор 21 хоногт олгож байгаа. Зарим тохиолдолд бага зэрэг хоцорч байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here