Нүүр хуудас Соёл урлаг Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны төслийн явцтай танилцлаа

Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны төслийн явцтай танилцлаа

17
0

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаныхан “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газрыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлнэ. Судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна.

Монгол-Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорватын нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд 1961 онд гүймэг малтлага судалгаа хийж, морины зарим тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм. Судалгааны баг тус дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолт хийж,  язгууртны зургаан булш,  дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байна.

Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын зарим хэсэг илэрсэн. Язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээллийг өгөх олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал цаашид илэрч олдох магадлал өндөр байна.

Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлал бүтээгдэхүүн болгох үүднээс малтлага, судалгаа огт хийгдээгүй, хамгийн том хэмжээтэй I булшийг цаашид ил үзмэр болгохоор төлөвлөж буй. Энэ удаад уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан төлөвлөлтийн зураг хийхээр боллоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here