Нүүр хуудас Спорт Үндэсний бөх “Нутгийн уулс бөхчүүдтэйгээ наадамд очдог” гэсэн билэгдлээр бөхийн галууд нутаг орондоо бэлтгэлээ...

“Нутгийн уулс бөхчүүдтэйгээ наадамд очдог” гэсэн билэгдлээр бөхийн галууд нутаг орондоо бэлтгэлээ базаадаг болжээ.

971
0
Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадам болоход 20 гаруй хоног үлдлээ. Энэ үед бөхчүүд нутаг нуга, дэвжээгээрээ нэгдэн гал болж бэлтгэлээ базааж эхэлдэг билээ. Жил жилийн наадмын түрүүг хамгийн олон удаа авсан Увс аймгийн “Увс нуур” дэвжээний бөхчүүд улсын заан Б.Бумбаярын удирдлага дор Харзтай амралтын дэргэд гараад долоо хонож байна. Энэ галд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй 40 гаруй бөх байгаа ажээ. Анхдагчдын өлгий Булган аймгийн “Булган хан” дэвжээний бөхчүүд бусад галаас түрүүнд буюу энэ сарын эхээр нутагтаа бэлтгэлд гарсан юм. Тэдний галыг улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нар ахалж байна. Эдний галд  аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, А.Отгонбаатар, аймгийн заан Н.Түмэндэмбэрэл гээд улсын цолонд тун ойрхон хэд хэдэн бөх байгаа юм. Булганыхан тийм их эртлэн бэлтгэлээ базааж байгаа нь энэ жилийн наадамд амжилттайхан наадчих гэсэн санаа биз. Тэгвэл улсын харцага Д.Батболдоор ахлуулсан Баянхонгорын “Их богд” дэвжээнийхэн бас нутгийнхаа хаяаг барааджээ. Сүүлийн жилүүдэд бөхийн галууд нутаг орондоо бэлтгэлээ базаадаг нь түгээмэл болох шинжтэй. Энэ нь нутгийн уул, ус бөхөө түшдэг, ивээдэг гэсэн санааны илрэл байж ч магадгүй. Нутгийн уулс бөхчүүдтэйгээ наадамд очдог гэсэн сайхан хэлц үг бас бий. Баян-Өлгийн “Бес богда бүргэд”, Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүд бас Харзтайд гараад байна. Энд одоогоор гурван галын 150 гаруй хүчтэнүүд нэг дор бэлтгэлээ базааж бие биенээсээ суралцаж байгаа юм. “Хөвсгөлийн хүчтэн”-үүд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт, Өвөрхангайн “Их Монгол” дэвжээнийхэн уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуйд галаа бадраагаад байна. Улсын начин Д.Цогзолдоржоор ахлуулсан Дорнодын бөхчүүд ЦЕГ-ын “Сүүж” амралтын газрыг сонгон бэлтгэлээ хийж эхэлжээ.
 Говь-Алтайн бөхчүүд “Мандал” амралтанд, Хэнтийн бөхчүүд Өндөр дэнж хэмээх газарт бэлтгэлээ хийж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here