Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Чингэлтэй хайрханы хишиг барилдаан болж Ч.Цогбаяр түрүүлж,Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Чингэлтэй хайрханы хишиг барилдаан болж Ч.Цогбаяр түрүүлж,Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

396
0

Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой 104 бөхийн барилдаан боллоо энэ нь наадмын өмнө болдог хамгийн том барилдаан юм. Энэ барилдаанд  Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд дэвжээний бөх улсын начин  Ч.Цогбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.  Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх, аймгийн арслан Э.Тулга, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Даваа-Очир нар шалгарав.

Хоёрын даваанд аймгийн начин Д.Аззаяа, Ж.Бямбадонид Өсөхөө заан, Бүрэнтөгс арслан хоёрыг багагүй тэвдүүлж, бараг л хаях шахсанаар сонирхолтой барилдаанууд эхэлж, Завханы Чинтулга Соронзон зааныг өвдөглүүлж, начин Бүрэнбаатар, Батзориг, Амарсайхан нарын цолтнууд учраагаа барсангүй.  Ерөнхийдөө таавар эвдсэн олон сонин барилдаан гарсаны дотор 2016 оны Сэлэнгэ аймгийн баяр наадмын түрүү бөх аймгийн арслан Э.Тулга өнөөдөр тун чиг одтой, хийморьтой барилдаж их шөвөгт шалгарлаа. Тэрээр зүүн, барууны магнай хоёр арсланг гурав, тавын даваанд өвдөглүүлж, Ховдын хоёрын замыг засав. Мөн Говь-Алтайн Б.Хишигбаатар гурав дээр Б.Батмөнх зааныг, дөрөв дээр Өвөрхангайн а.з М.Даваасүрэн М.Өсөхбаяр зааныг, Хөвсгөлийн Б.Даваа-Очир улсын харцага Н.Жаргалбаярыг хаяснаар тэдэнд дэм нэмж “түрүүлэх магадлалтай томчууд”-ыг нь давав. Улсын арслан -2, улсын заан 3, улсын харцага 2, улсын начин 7, нийт 14-хөн улсын цолтон, аймаг цэргийн арслан 34, аймаг цэргийн заан 4, аймаг цэргийн начин 33, залуу бөх 8 нийт 104 бөх зодоглосон юм. Нэгийн даваанд улсын цолтнууд бүгд учраагаа давж, аймгийн начин Л.Энхсаруул аймгийн арслан М.Бадарчийг элэг бүснээс даацтай хавирч давав.

Их шөвгийн дөрвийн барилдааныг харахад Бат-Өлзий Тулгад сэрвүүгээс бужигнуулах боломж олголгүй бярдаад хаясан бол Даваа-Очир Цогбаяртай жаахан яарч барилдаад даруулчихав бололтой. Ховдын харцага, начин хоёрын барилдаан төд удаагүй агаад Цогбаяр Бат-Өлзийг мушгиад давлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here