Нүүр хуудас Танд тустай Хүүхнүүдээ нүүрээ хооллоё

Хүүхнүүдээ нүүрээ хооллоё

187
0

Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой байдаг. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны давхарга сар тутам гуужиж бүрэн шинэчлэгдэж байдаг. Хуурайших, наранд түлэгдэх, нүүрний өнгө алдах, цэгтэн улайх, зовхины дор хөхрөх зэрэг олон асуудлыг тус тусад нь эсвэл хавсруулан шийдэх арга нь нүүрний маск юм.

Хөргөгчинд тань нүүрний арьсны натурал “хоол” төрөл бүрээрээ бэлэн байхад, түүнээ огт тоохгүй, заавал үйлдвэрийн, элдэв химийн хольцтой, маскуудыг худалдан авах тохиолдол байдаг. Өргөст хэмхний, ногоон цай мэтийн энгийн маскуудыг дэлгүүрээс авах хэрэг юу байна? Өөрөө өргөст хэмхийг хэрчээд, үрээд, эх орныхоо тайгын ургамлаар хийсэн ногоон цайг хандлаад нүүрэндээ “зоог баривал” нүүрний тань арьсанд хавьгүй илүү үр дүнтэй тусах биш үү? Ямар ч айлын хөргөгчийг онгойлгоод үзэхэд хэд хэдэн төрлийн энгийн натурал маск хийж болох хүнсний бүтээгдэхүүн байдаг. Зөөхий, аарц, зөгийн бал, өндөг, ургамлын болон цөцгийн тос, цай, төрөл бүрийн жимс, ногоо гээд л арьс маань “амаа олохгүй идэхээр” амттан танайд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэрийн нөхцөлд маск тавихын ач тус нь танд гологдохгүй, ямар ч үйлдвэрийн маск, нүүрний тос болон бусад нүүр арчилгааны бүтээгдхүүнээс илүү их үр дүн өгнө. Болж л өгвөл нүүрэндээ маск тавьж байхыг эрхэмлэвэл та өдрөөс өдөрт “царай орсоор” байх болно. Маскны тусламжтайгаар нүүрний цусан хангамжаа нэмэх, арьсныхаа үхэжсэн эд эсүүдийг зайлуулах, хялгасан үрчлээсүүдээ арилгах, өрөвслийн процессийг эдгээх, нүүрнийхээ булчинг чангаруулах, арьсаа уян зөөлөн болгох, арьсныхаа ядаргааг тайлах гээд хүссэн үр дүндээ хүрч болно. Маскийг дотор нь цэвэрлэх маск, тэжээлийн маск, сэргээх маск, арьс гуужуулах маск, цайруулах маск, арьсны тослогийг багасгах маск, чийгшүүлэх маск, тайвшруулах маск, эмчилгээний маск гэх зэргээр ангилдаг. Нэгэн зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг /цэвэрлэх, тэжээх, зөөлрүүлэх, цайруулах, тайвшруулах г.м./ маш олон хувилбараар маскийг хийж болно. Хамгийн гол нь арьсныхаа ямар асуудалтай байгааг мэдэрч зохих маскыг өөрийн зохиомжоор бэлдэх юм. Ямар маскийг сонгох нь яг одоо та ямар үр дүнг сонирхож байгаагаас, мөн жилийн улирал, таны нас, арьсны тань шинж чанар зэргээс шууд хамаарна. Мэдээж, арьсыг хамгийн сайн тэжээдэг маскууд бол жимс, ногооны маск гэдэг нь ойлгомжтой.

Мэдэхэд илүүдэхгүй:
-Маск тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлэнэ. Халуун бигнүүр тавьж арьсаа эхлээд бэлдвэл мэдээж хавьгүй илүү үр дүнтэй байх болно. Тэгээд маскаа түрхээд болж өгвөл хэвтэх нь зүйтэй.
-Маскийг 15-20 минут тавихад л хангалттай. Энэ хугацаанд арьс өөрт хэрэгтэй бодис, үйлчилгээгээ бүрэн авч амждаг тул удаан байлгах шаардлага байхгүй, харин ч муу талтай арьс сунах, ядрах зэрэг үзэгдэл гардаг.
-Хугацаа дуусмагц, маскаа нойтон алчуур, эсвэл норгосон хөвөнгөөр хөнгөн арчиж аваад, нүүрээ эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлаарай. Угаах биш, зайлах юм шүү. Нүүрэндээ өгсөн тэжээлээ буцаагаад угаагаад авчихвал ямар ч хэрэг байхгүй.
-Хуурай арьсанд зориулагдсан масканд ургамлын тос орох нь элбэг. Энд ямар ч ургамлын тос байж болох боловч, хамгийн их витамин болон бусад ашигтай бодисыг оливын тос өөртөө агуулж байдаг тул ургамлын тосны хаан оливын тосыг хэрэглэвэл сайн.

ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭМЖЭЭР ӨВӨРМӨЦ ЖОР БҮХИЙ МАСКЫГ БЭЛТГЭХЭД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here