Нүүр хуудас Улс төр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

215
0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний эрсдэлийг бууруулах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны өвчингүй эрүүл, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төслийг 7 бүлэгтэйгээр боловсруулсан байна.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгуулага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн зарим төрлийн халдварт болон шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасах юм байна.

Мал, сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянан баталгаажуулж, эрүүл тайван байдлаа хадгалсан мал, амьтны эзэн, малын эмчид төрөөс олгож буй урамшууллыг эн түрүүнд хүртээх байдлаар дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрднэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар хуулийн төслийн нэр энэ хуулийн агуулгыг бүрэн илэрхийлж чадаж байгаа эсэх, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ нар эдийн засгийн хүндрэлээс үл хамааран малыг эрүүлжүүлэхтэй холбоотой төсөв, мөнгөний асуудлыг иж бүрнээр шийдэх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шинжлэх ухааны салбарын оролцоог мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн салбартай уялдуулах, малын эмийн зохистой хэрэглээний хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хуулийн төсөл дэх төрийн байгууллагуудын эрх, үүргийн уялдаа холбоог нарийн зохицуулах зэрэг саналуудыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Ганболд, М.Билэгт, Х.Болорчулуун, Л.Энхболд, Ц.Цогзолмаа, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, О.Батнасан, Б.Ундармаа нар асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Г.Занданшатар, Д.Сумьяабазар, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд малыг эрүүлжүүлэх асуудлыг хөндөн асууж байсан бөгөөд ОХУ-тай хамтран ажиллахаар тохирсон хэлэлцээрийн талаар тодруулж байлаа. Түүнчлэн малд элдэв тариаг замбараагүй тарьдаг болсноос эрүүл махаар ард иргэдийг хангах асуудал хүндэрч байгаа талаар дурдаж байсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн хариулснаар, ОХУ-ын талд дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг тус улсын тал хүлээн авсан байна. Малыг эрүүлжүүлэх, мах эскпортлох, үр тарианы үр нийлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах дөрвөн чиглэлээр хамтран ажиллах саналыг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдсэн аж. Мал эмнэлгийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй хэмээн сайд онцлоод мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан хэмээлээ.

Гишүүд малын эмч, эм зүйч нарын нийгмийн асуудалд анхаарах, малыг халдварт өвчнөөс сэргийлэх вакцины тухай, гоц халдварт өвчний улмаас малчдын малыг олноор нь устгаад нөхөн төлбөрийг бүрэн өгдөггүй асуудал гардгийг дурдаад хуульд энэ талаар хэрхэн тусгасныг лавласан. Түүнчлэн махны үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа энэ үед явуулын махны үйлдвэр ажилллах талаар ч хөндөж байлаа.

Сайд П.Сэргэлэн болон ажлын хэсгийн гишүүдийн мэдээлснээр, өмнө нь манай улс Энэтхэг, Хятад Улсаас вакцин авч байсан бөгөөд өнгөрсөн оны сүүлээр ОХУ-аас 20.5 сая тун вакциныг хөнгөлөлттэй үнээр авсан байна. Вакцины чанарыг өөрийн орны болон олон улсын итгэмжлэгдсэн лабораториудаар шинжлүүлсэн аж.

Малын зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор хуулийн төсөлд тусгасан хэмээн мэдээлсэн. Манай улсад 27 махны үйлдвэр ажиллаж байгаа ч олон улсын стандартын шаардлага хангасан нь цөөн болох нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон юм байна. Тиймээс махны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Явуулын махны үйлдвэр байгуулах асуудлыг салбарын яамны зүгээс дэмжиж байгаа хэмээн сайд П.Сэргэлэн хэлсэн.

Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here