Нүүр хуудас Улс төр Монгол улс Хятадаас уучлалт гуйх ёстой юу?

Монгол улс Хятадаас уучлалт гуйх ёстой юу?

371
0

Дээрхийн гэгээн 14-р Далай лам саяхан манай улсад хэл ам татуулсаар  айлчлал хийгээд буцлаа. Түүнийг айлчлах сургаар БНХАУ-ын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, сануулга өгсөөр байсан.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм” хэмээгээд  “Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” гэсэн мэдэгдэл хийсэн.

Харин тухайн үед манай гадаад хэргийн яамнаас Далай ламын айлчлал бол цэвэр шашны холбогдолтой айлчлал гэсэн хариу мэдэгдэл гаргаж, Хятадын эсэргүүцлийг үл тоон түүнийг Монгол улсад айлчлахыг зөвшөөрсөн.

Энэ ч ёсоороо болж ямар нэгэн төрийн хүнтэй уулзалгүй сүсэгтнүүдтэйгээ уулзалт хийн залуучуудад лекц уншин, бурхан шашны үйлээ гүйцээснээр түүний айлчлал дууссан.

Айлчлалын төгсгөлд 10-р богдыг тодруулсан, одоогоор жаахан хүүхэд байгаа учир ямар хүнийг тодруулсныг хэлэх боломжгүй гэж хэлчихээд манай орноос мордсон билээ.

Хятадын эсэргүүцлийг хүлээж авалгүй айлчлалыг нүд анин зөвшөөрсний шалтгаан нь 10-р Богдыг тодруулахтай холбоотой байсан гэдэг нь бараг тодорхой харагдаж байгаа юм. Тэр дундаа 10-р Богдоор эрх баригч намын дарга М.Энхболдын зээ хүү тодорсон гэсэн яриа байгаа. Ийм ч учраас Далай ламын айлчлалыг “нүд анин” хийлгэсэн болвуу.

Нэгэнт дээрхийн гэгээнтний айлчлал ёсоор болсон учир Хятадын зүгээс дараагийн алхамуудаа хийж эхэлсэн. Манай улсын зүгээс авахаар төлөвлөөд байсан Хятадын 4 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн талаарх уулзалт болон бусад айлчлал, уулзалтуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байлаа.

Мөн манай улсаас авдаг импортын нөхцөлөө өөрчилж чангатгасан. Оюу толгой компаниас хятад улсад нийлүүлдэг зэсийн баяжмалд нэмэлт хураамж авах болсноор хэсэг хугацаанд экспортоо зогсоохоос өөр аргагүйд хүрч, хоёр орны харилцаа сайжрахыг хүлээх хэрэгтэй болоод байсан юм.

Ийм байдал удаан үргэлжлэх нь аль аль талдаа ашиггүй учир 3 талын уулзалтыг зохион байгуулж асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзсэн нь тусыг олж Хятадууд нөхцөлийг арай сулруулан, Оюу толгой ч зарим нөхцөлд зохицон ажиллахаар болж, ямар ч байсан талууд зөвшилцөлд хүрсэнээр экспорт дахин сэргэсэн билээ.

Энэ хооронд Далай ламын айлчлалыг Монголын засгийн газар зөвшөөрсөн явдлыг олон улсын хэвлэлүүд “Зоригтой үйлдэл” хэмээгээд Хятадыг эсэргүүцэх бол Монголоос асуу гэсэн гарчигтай нийтлэл хүртэл цацагдсан нь газар авлаа.

Үйл явдал ямар нэг байдлаар Монгол улсын гадаад бодлогыг хүчтэй харагдуулах лобби болсон гэхэд хилсдэхгүй.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Трамп Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй утсаар ярьсан нь Хятадын дургүйцлийг ихээхэн хүргээд байсан. Энэ хоёр үйл явдал цаг үеийн хувьд ойролцоо болж, мөн дээрээс нь Далай лам Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь Хятадыг улам ч хилэгнүүлэх нь тэр.

Энэ бүхнээс үүдэн гарч байгаа үр дагавар нь мэдээж Монголын эдийн засагт хүнд нөхцөл байдал үүсгэж байна.

Гэхдээ Монголын иргэд, олон нийт Хятадын зүгээс тавьсан хориг, 4.3 тэрбум долларын зээл зэрэгт төдийлөн бухимдсангүй. Харин ч Хятадаас зээл аваагүй нь дээр гэсэн бодолтой байгаа нь харагдаж байгаа юм. Хятад гэхээр цуснаасаа дургүйцан халгаадаг “Монгол зан”-гаараа зээлтэй зээлгүй, хоригтой хориггүй болно гэсэн үзэл санаан дээр нэгдэж, Далай ламын айлчлалд талархал илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Хятадын эдийн засгийн хориг манай улсад үнэхээр бодит дарамт, уршигтай нь тодорхой. Гэхдээ бидэнд өөр арга байхгүй гэж үү?

Мэдээжийн хэрэг газар зүйн хувьд хоёрхон хөрштэй, туйлын ашиггүй байрлал гэдэг нь ойлгомжтой. Ядаж л далайд гарцгүй.

Гэхдээ манай иргэдэд нэг давуу тал байгаа нь хангалуун, бэлэн амьдралд амьдарч дасаагүй, картаар бараагаа хуваарилдаг байсан үе саяхан. Үүн дээр нь эх оронч үзлийн тухай ярихад цээжээ дэлддэг, хятад гэхээр уурсан хилэгнэдэг Монгол зантайгаа нэгтгэчихэд хятадын хориг цээжинд нь багтаад ирнэ.

Саяхан л эдийн засгийн хямрал хэрээс хэтэрч байна хэмээн уурсаж байсан ард түмэн хятадын эсрэг бол эдийн засгийг үл тоон нэгдэж чадахаа харуулж байгаа нь энэ.

Манай улсын хувьд дэлхийн улс орнуудтай сайн харилцаатай, чөлөөтэй зорчих боломжтой. Аль ч улс оронтой худалдаа наймаа хийхэд боломж байгаа. Нөхцөлийг хүндрүүлэх ганц шалтгаан нь тээвэр, түүнд ноогдох зардал л байгаа юм.

Бараа бүтээгдэхүүн зөвхөн Хятадад хямд байдаг юм биш. Ойролцоо үнээр худалдан авалт хийх боломж байсаар байгаа. Мэдээж тээвэрлэлт болон бусад зардлууд арай нэмүү байна. Үүнийг даван туулахад өнөөх эх оронч үзэл маань тус дөхөм болох учиртай. Зөвхөн хятадаас хамааралтай худалдаа наймааны нөхцөлөөс ангижрах тохиолдын гарц ч байж болох юм.

Энэ мэтчилэн хятадуудын дарамт шахалт, нөлөөллийг эсэргүүцэх талаар бодож суутал Гадаад харилцааны сайд эрхэм Ц.Мөнх-Оргил Хятадаас уучлалт гуйлаа. Түүнийг Хятадын засгийн газар сайшааж байгаа тухай мэдээ чих дэлсэх нь тэр.

“Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдэж, Хятадаас уучлалт гуйж, Далай ламыг дахин урихгүй гэдгээ амласан юм байх.

Нэг талаас нь бодоход эдийн засгийн хүнд үед ийм шийдвэр гаргаж байгаа нь улсаа бодсон хэрэг юм шиг боловч нөгөө талаас Монгол улсын нэр хүндийг дэлхийд унагахад хүргэсэн үйлдэл гэж хэлж болохоор байна.

Түүгээр ч барахгүй цаашид ямар нэгэн асуудал гарвал эдийн засагт нь хориг тавихад Монголын Засгийн Газар гуйгаад ирнэ гэсэн хандлага төрүүлж байгаа юм. Хятадуудад ч ийм үйлдэл хийгээд амташсан улс.

“Япон, Умард Солонгос, АНУ, Өмнөд Солонгостой харилцаагаа өндөр түвшинд хүргэж, хадгалж чадсан улс гэдгийг Хятадын өөрийнх нь шинжээчид анхааруулж, Монголын эсрэг хориг тавих нь тийм ч ашигтай бус гэдгийг сануулсаар байгаа” /нийтлэлч Баатархуяг http://baatarhuyag.niitlelch.mn/content/8202.shtml/. Гэтэл манай зүгээс хийсэн энэ алхам нь давуу талаа зүгээр л найр тавиад өгчихсөнтэй ялгаагүй зүйл боллоо.

Цаашдаа хүчтэй бодлого хэрэгжүүлж, тусгаар улс шиг шийдвэр гаргахад томоохон гай болж болохуйц шийдвэр ч байж болох талтай.

Ирээдүйд Хятадаас хамааралгүй оршин тогтноно гэж ярьвал боломжгүй, байх үндэсгүй зүйл гэдэг нь мэдээж. Гэвч иймэрхүү “долоогч” байдлаар хандах нь хэр зөв зүйтэй алхам бэ. Миний зүгээс харахад тийм ч зөв үйлдэл, улс төрийн сайн тоглолт байсангүй гэж харагдаж байгаа юм.

Г.Болд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here