Нүүр хуудас Улс төр ХНХ-ын сайд С.Чинзориг “Нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

168
0

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  улсын хэлэлцээр хэдэн өдрийн турш үргэлжилж талууд өнгөрсөн бямба  гаригт тохиролцоонд хүрчээ.  Хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо. Энэ удаагийн нэмэлт хэлэлцээрт төрийн албан хаагчийн бодит орлого нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд хэдэн асуудлыг тусгасан. Тухайлбал, хэлэлцээрийн хүрээнд төсвийн байгууллагын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 2017, 2018 онд 112 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулж, зарцуулалтыг нь Засгийн газраас батлах  журамд салбар салбарын хэлэлцээрээр нарийн зохицуулахаар тохиролцов. Мөн 2018 онд инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Олон улсын валютын сантай хэлэлцэж, ирэх оны хоёрдугаар улиралд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаар талууд нэмэлт хэлэлцээ хийхээр болсон” гэлээ.

Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан эрүүл мэндийн салбарын ажиллагчдын ангилал, зэрэглэлийг 2017 онд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг  2018 онд боловсронгуй болгож, шинэчлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсныг сайд мэдээлэлдээ дурдлаа.

Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын байрыг онооны аргаар үнэлэх замаар ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох ажлыг ЭМЯ болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран хийж байгаа бөгөөд энэ ажлыг 2017 онд багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг хэлэлцээрт тусгажээ. Нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой Засгийн газрын тогтоолоор баталсан 7, салбарын сайдын болон хамтарсан тушаалаар баталсан 5, нийт 12 журмыг шинэчлэх замаар төрийн үйлчилгээний албан хаагчийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах үүргийг талууд хүлээхээр болж буй юм.

Төрийн албан хаагчдын ялангуяа боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогыг ажиллагсдын цалин хөлс, орлого нэмэгдүүлэх эх үүсвэрт зарцуулах асуудлыг журамлаж, 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн нэмэлт хэлэлцээрийн онцлох асуудлын нэг юм.

Мөн нийгмийн эмзэг, ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх зорилгоор  2017, 2018 оны улсын төсөвт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон “Цалинтай ээж” хөтөлбөрт 208.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэрт 136.8 тэрбум төгрөг тус тус тусгуулж, хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Орлого багатай иргэдийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулах зорилгоор 2018 онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч,  хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 50 хувиар бууруулах, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 120.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх асуудал нэмэлт хэлэлцээрт тусгаж, хэрэгжүүлэхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here