Нүүр хуудас Улс төр Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа

98
0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Л.Энхболд, Д.Сарангэрэл нар болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, “1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Жагсаалтыг Нидерланд (4.23 тэрбум ам.доллар), Люксембург (1.15 тэрбум), Британийн Виржин Арал (1.1 тэрбум), Хятадын Гонконг (229 сая), Бермудын арал (129 сая), Швейцарь (103 сая), Кэймэн арал (74 сая) тэргүүлж байна. “Эргийн гадна” хэмээх Оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал зэргээс гадна АНУ, Малайз, Хятадын Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд, тэдгээрийн оффшор бүсүүд ордог ба оффшор үйлчилгээ нь өнөөдөр дэлхийн санхүү, бизнесийн салбарт өргөн хэрэглэдэг арга хэрэгслэл болсон, нэн ялангуяа дэлхийн хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурь эзлэх болжээ. Бусад орны туршлагаас харахад “оффшор бүс” гэх албан ёсны тодорхойлолт байхгүй. “Эргийн гаднах, хилийн гаднах улс, бус нутаг” гэх утгыг илэрхийлдэг. Оффшор бүсийн шинжид гадаадын иргэн, хуулийн этгээдэд татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл бүхэлдээ татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл гадаад улс, гадаадын улсын нутаг дэвсгэр байх, эсхүл хэрэглэгчийн мэдээлэл болон бусад мэдээллийн аюулгүй байдлын системийн нууцлал өндөртэй банктай байх гэх зэрэг олон шинжүүд хамаардаг бөгөөд үүний аль нэг шинжийг хангасан байхад оффшор бүсэд хамруулж үзэж болдог байна. Иймд манай улсын хувьд оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийг тодорхойлох, жагсаалт батлах нь манай улсын гадаад харилцаа, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул бусад улс орны туршлагыг судлан үзэж “оффшор бүс”-ийг “гадаад улсын нутаг дэвсгэр” гэж томъёолсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан. Түүнчлэн нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан” хэмээн онцлов.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга”, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Хөрөнгө эргүүлэн авахтай холбоотой эрх зүйн орчин: Олон Улсын ба үндэсний эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39,800 төрийн албан тушаалтанд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хориглох хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан уг заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан. Эдгээр албан тушаалтанг дотор нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан, санхүү, төсөв хариуцсан албан тушаалтан, авлигад өртөх эрсдэл бүхий зарим албан тушаалтан /шүүгч, прокурор гэх мэт/ зэргээр гурван хэсэгт ангилан үзэж болохоор байгааг Ажлын хэсгийн гишүүд танилцуулсан.

Хуулийн төсөл батлагдвал төрийн албан тушаалтан болон төрийн албан тушаалд нэр дэвшигч этгээд 3 сарын дотор гадаад улсад нээлгэсэн дансаа хаалгах, байршуулсан мөнгөө татах, хуулийн этгээд байгуулсан бол үйл ажиллагааг нь зогсоох, эрхээ шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч, энэ тухайгаа 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээх юм. Харин төрийн албан тушаалтан гадаадад суралцах, эмчлүүлэх, өөрт хамаарал бүхий этгээд гадаады аль нэг улсад данс эзэмших эрхэд халдахгүй аж.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа гадаад улс орнуудын жишгийг нарийн судалж тусгасан болохоо Ажлын хэсгийн гишүүд хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Тухайлбал, АНУ, ОХУ, БНХАУ, Европын холбоо, ХБНГУ, Франц зэрэг орнуудад энэ төрлийн харилцааг ямар нэр томъёог ашиглаж, хэрхэн зохицуулж байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд дан ганц Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулахаас гадна Татварын хууль, тогтоомжуудад тодорхой зохицуулалтуудын нэмж оруулах, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, УИХ-д суудалгүй бусад намуудын төлөөллийг оролцуулан өргөтгөх, хуулийн төслийн зохицуулалтуудын цаг хүрээг тэлж, бусад хуулиудын хоорондын уялдаа холбоог тодорхой болгох,  судалгаа, шинжилгээг нарийвчлан хийх шаардлагатай байгаа талаар хэлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here