Нүүр хуудас Улс төр Төмөр замын төслүүдэд АНУ-ын зүтгүүрийг нийлүүлэх сонирхолтой байна гэв

Төмөр замын төслүүдэд АНУ-ын зүтгүүрийг нийлүүлэх сонирхолтой байна гэв

17
0
Haltar-said
Төмөр замын төслүүдэд АНУ-ын зүтгүүрийг нийлүүлэх сонирхолтой байна гэв

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клечиски нар цахим уулзалт хийлээ.

Сайд Л.Халтар Монголын талаас санал болгож буй хоёр улсын хооронд шууд нислэг гүйцэтгэх боломж бололцоо, нислэг нээх эрх зүйн зохицуулалт, түүний дотор хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, холбогдох техникийн болоод нислэгийн аюулгүй байдлыг хангах аудит хийлгэх бэлтгэл зэрэг авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар Элчин сайдад мэдээлэл өглөө.

Тэрбээр Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын төслүүдийн бүтээн байгуулалтын явцын талаар товч танилцуулж, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд АНУ-ын зүтгүүрүүдийг авч ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлж, зүтгүүр нийлүүлэх санхүүжилтийн боломжуудыг хамтран эрэлхийлэх, АНУ-ын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй санхүүжилт олгох, нэгж зүтгүүрийн үнэд хямдруулах талаар дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив.

Мөн Монгол Улсын далайн тээврийн салбарыг бэхжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах, мэдээлэл солилцоог сайжруулах, Монгол Улсын далайн захиргаа, АНУ-ын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Майкл С.Клечески сайд Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргээд Америк, Монгол хоёр орны зам тээврийн салбарын харилцаа, ялангуяа хоёр орны хооронд шууд нислэг хийх, бэлтгэлийг хангах чиглэлээр хамтын ажиллагаа эрчимжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд энэ чиглэлээр холбогдох байгууллагууд болон Засгийн газрын түвшинд нягт хамтран ажиллах шаардлагатайг дурдав.

АНУ-ын Элчин сайдын яам хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байгаа, Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын төслүүдэд АНУ-ын зүтгүүрийг нийлүүлэх сонирхолтой байгааг хэлж бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Мөн Монгол Улс хөлөг онгоцны бүртгэл, хяналт шалгалтын чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаад НҮБ-аас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөхөд ихээхэн санаачлагатай шуурхай ажиллаж байгааг тэмдэглэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулахад зориулсан сургалтыг зохион байгуулахад анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Эх сурвалж: ЗТХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here