Зөвхөн Хаан болон Төрийн банкнаас тэтгэврийн зээл авахад үйлчилдэг байсан 12 хувь бусад арилжааны банкнуудад хэрэгжинэ.
Нийт тэтгэвэр авагчдын 90 гаруй хувьд нь тэтгэвэр олгодог Хаан болон Төрийн банкнаас өндөр настнууд 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээл авах боломж өнгөрсөн нэгдүгээр сард бүрдсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн тэтгэвэр олгодог бусад бүх арилжааны банкнуудаас мөн хувийн хүүтэй зээл авахаар боллоо.
Эдгээр нь:
Голомт
Худалдаа хөгжил
Капитрон
Улаанбаатар
Чингис хаан
Үндэсний хөрөнгө оруулалтын банк.
Энэхүү бууруулсан хувь нь зөвхөн 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зээлж буй үед үйлчилнэ гэнэ. Учир нь өндөр настнууд тэтгэврийнхээ нийт хэмжээнд тохируулан зээл авдаг ба сар бүрийн тэтгэвэр нь зээл, зээлийн хүүд шууд төлөгдсөнөөр тэднийг ямар ч орлогогүй болгодог байжээ. Харин цаашид авсан тэтгэврийнхээ 70 хувийг зээлдээ төлснөөр үлдсэн 30 хувийг өөрт үлдээж, орлоготой байх боломж бүрдэж байна. Тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг өнгөрсөн онд 15, энэ онд 12 хувь болгон бууруулсан нь Засгийн газрын тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын биелэл болж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.