Өчигдөр Ялалтын талбайд эмч нар цалин нэмэгдүүлэх шаардлага тавьж жагссан жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын эмч, эмнэлгийн ажилчид иржээ. Тэд төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлага тавьж, “Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол ажил хаялт зарлана” гэв. Эмч нарын тавьж буй шаардлагын талаар Ж.Оюунчимэг эмчтэй ярилцлаа.
-Өнөөдрийн жагсаалд шинэ залуу эмч нараас эхлээд улсын эмнэлэгт олон жил ажилласан эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж жагсаалд нэгджээ. Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би эрүүл мэндийн салбарт элэг цөс, ходоодны эмчээр 27 жил ажиллаж байна. Эмч нар шаардлагатай тохиолдолд хэзээд бэлэн байх ёстой эрүүл мэндийн манаач нар. Энэ хүмүүсийн амьдралын ганц баталгаа бол цалин шүү дээ. Гэхдээ эмч хүн цалин мөнгө бодож энэ салбарт ордоггүй. Хүний эрүүл мэнд, амь насыг аврах хариуцлагатай ажил шүү дээ. Эмч нарын цалинг нэмнэ гэж одоогийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад хүлээлт үүсгэсэн. Үнэхээр ч дэлхийн жишигтэй харьцуулахад эмч нарын цалин маш бага. Эмнэлгийн ажилчид өдөр бүр хүний эрүүл мэнд, амь нас хариуцаж ажилладаг учраас цалингаа нэмүүлье гээд өдөр болгон жагсаад байх боломжгүй. Бидэнд үнэндээ тэгэх цаг хугацаа байхгүй. Өнөөдөр эсэргүүцлийн жагсаалд шөнийн ээлжинд ажилласан болон оройн ээлжинд ажиллах эмч сувилагч нар байгууллагаа төлөөлөн оролцож байна. Тэрнээс бид цалингаа нэмүүлэхээр жагслаа гээд ажлын байраа орхиж явах эрхгүй хүмүүс. Мэдээж нөхцөл байдал хүндэрч байгаа учраас л ингэж жагсаж байгаа шүү дээ.
-Ажлын нөхцөл байдал хүнд, ачаалал ихтэйн дээр нэг эмч 2-3 эмчийн ажлыг давхар хийж байна гэдэг асуудлыг ч мөн ярьж байна?
-Тийм шүү дээ. Ингэлээ гээд бид илүү цагийн мөнгө, хоёр гурван ажил илүү хийсний мөнгө гэж хэзээ ч ярьж байгаагүй. Би л гэхэд элэгний өвчлөлтэй 2000 хүнийг хяналтдаа байлгаж байна. Ажлын цаг дууссанаар миний ажил дуусдаггүй. Байнга өвчтэй хүмүүстэйгээ холбоотой байж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, цаг наргүй л мэргэжлийнхээ онцлогтоо тааруулан ажиллаж байна. Үүндээ ч бид дасч, даруу байж ирсэн. Энэ сэтгэл зүтгэлийг минь үнэлдэг зүйл нь эрүүл саруул болж байгаа иргэдийн сэтгэл ханамж, бидний хөдөлмөрийн бүтээмжийг үнэлж буй цалин хөлс юм шүү дээ. Сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгаагийнхаа хувьд эмч нар сайн цалин авдаг байвал ядаж ар гэрийнхээ асуудалд санаа зовох ачаа нуруунаас бууна. Мэдээж Засгийн газраас олон эерэг бодлого хэрэгжүүлсэн. 20 жил хийгээгүй элэгний С вирусыг устгах, элэгний В вирусын идэвхижлийг бууруулах сайн эмүүдийг оруулж ирсэн. Энэний хүчээр миний хяналтад байгаа хүмүүсийн өвчлөл буурч, маш сайн үр дүн үзүүлж байгааг сайшаах нь зүйтэй.
-Засгийн газраас сүрьеэгийн эмнэлгийн эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлнэ гэсэн. Эцсийн шийдвэр гарсан уу?
-Яамны зүгээс 25 хувь нэмэгдүүлэх саналтай байсныг 30 хувь болгож Засгийн газарт оруулаад, тогтоол нь гарчихсан байгаа. Энэ бол маш зөв зүйтэй алхам. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, ажилтнуудын цалинг нэмэх нь маш чухал. Үүнийг нийт эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн эхлэл гэж харж байсан ч харамсалтай нь талаар болоод байна.
-Өнөөдрийн байдлаар эмч нарын дундаж цалин хэдэн төгрөг байгаа вэ?
-Эмч нар өнөөдөр 480-680 мянган төгрөгийн цалин аваад, ихэнхи нь зээлээ төлөөд, гар дээрээ автобусны ч мөнгөгүй үлдэж байна. Эмч нар 25 жил ажиллаж байж сая 680 мянган төгрөгийн цалин авдаг. Бид өнөөдөр хэдэн саяын цалин нэхээгүй. Ядаж 50 хувь нэмээд өгөөч л гэж байгаа. Эмч нар зээлээ яах билээ гэж бодож санаа зовохгүй эрүүл мэндийн манаандаа л сэтгэлээ бүрэн дүүрэн зориулдаг байхаар болгоод өгөөч л гэж өнөөдөр улс орон даяар санал нэгдэж ийнхүү жагсаж байна. Өөрөөр эмч нар илүү хангамж, хэдэн саяын цалин хүсээгүй.
-Эмч нар мөн Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн хүн томилоорой гэдэг асуудал тавьж байна. Та санал нэг байна уу?
-Энэ бол цалин нэмэхээс ч чухал асуудал юм. Өнөөдөр салбарын сайд нь мэргэжлийн бус хүн байвал энэ салбарын зовлонг хэзээ ч ойлгохгүй. Ядаж л эрүүл мэндийн хууль төсөл, өвчин зовлонгоо яриад ороход өөдөөс ойлгохгүй хүн сууж байна гэдэг салбарыг хөлдөө чирсэн том асуудал шүү дээ. Одоогийн энэ сайд л арай гэж нэг мэргэжлийн хүн томилогдсон. Бусдаар бол өмнө нь огт өөр салбарын хүн орж ирдэг байсан. Тэгээд салбарын нарийн мэдээллүүдээ мэдэж ойлгох гэж цаг их алддаг асуудал бий. Эрүүл мэндийн салбарт цаг алдана гэсэн асуудал байж болохгүй. Засаг солигдох бүрт бодлого нь өөрчлөгддөг тийм гоомой салбар бол биш. Тиймээс салбарын сайдаар 20-30 жил энэ салбарт ажилласан байсан туршлагатай хүнийг томилох нь нэн тэргүүний чухал асуудал гэдгийг хэлмээр байна. Сүүлийн 20 жил энэ салбар мэргэжлийн сайдгүй байсан -Та эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломж бий гэж үзэж байна уу?
-Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний холбооны зүгээс “2018 оны улсын төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын саналыг огт тусгаагүй. Одоо байгаа Засгийн газартай бид 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Ингэхдээ 2018 онд цалин нэмэх асуудлыг улсын гурван талт нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ гэж гарын үсэг зурсан. Гэтэл 2018 оны улсын төсвөө бидэнтэй хэлэлцээр хийхгүйгээр өргөн барьсан. Бидэнд тооцоолол гаргалгаа, хангалттай баримт бий. Хамгийн гол нь хэлэлцээрийн ширээний ард сууя. Эмч нарын цалин хөлсийг нэмэх асуудлаар хамтдаа суугаад ярилцъя гэж байна. Эрүүл мэндийн салбарын төсөв 2018, 2019 онд ч адилхан. Ерөнхийдөө улсын төсөв эрүүл мэндийн даатгал, нэмэлт тусламж үйлчилгээ гэсэн гурван эх үүсвэрээс бүрдэж байгаа. Эдгээр гурван эх үүсвэрийн нэг болох улсын төсвөөс л зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг олгодог. Эрүүл мэндийн даатгалын сан гэхэд 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй сан байж байдаг. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхэд 155 тэрбум төгрөг л хэрэгтэй” гэсэн асуудлыг өнөөдөр ярьсан шүү дээ.
-Засгийн газрын зүгээс дахин цалин нэмэхгүй гэсэн хариултыг та нарт өгвөл цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Цаашид шат дараатай ажилт хаялт явуулъя гэхээр тийм боломж алга. Өвчтөнүүдээ, эрүүл мэндээ бидэнд даатгасан хүмүүсийг орхиод багш нар ирээд жагсах боломжгүй шүү дээ. Мэдээж өнөөдрийн энэ жагсаалд ирсэн эмч нарын ард 21 аймгийн мянга, мянган эмч нар бий. Бид ердөө л төлөөлөл нь. Ямар ч байсан Засгийн газар энэ асуудалд хариулт өгөх шаардлагатай. Үйлдвэрчний эвлэлээс дараа дараагийн арга хэмжээний талаар ярилцаж шийдвэр гаргах болно. Эмч нар ямар ч байсан цалингаа нэмэгдүүлэх асуудалд нэгдсэн байр суурьтай байгаа гэдгийг хатуу хэлье.