Нүүр хуудас Нийгэм БОАЖЯ БИОЛОГИЧ ЭРДЭМТДЭЭ СОНСЛОО

БОАЖЯ БИОЛОГИЧ ЭРДЭМТДЭЭ СОНСЛОО

204
0
БОАЖЯ БИОЛОГИЧ
БОАЖЯ БИОЛОГИЧ
БОАЖЯ-наас “Биологич эрдэмтдээ сонсъё” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Ан амьтан, ургамлын асуудлаар эрдэмтдийн саналыг сонсч, төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба, МУИС, МУБИС, ХААИС, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон Байгалийн түүхийн музей, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож ан амьтан, ургамлын баялгийн нөөц, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар байрь сууриа илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтад оролцсон эрдэмтдэд хандаж үг хэлэв. Тэрбээр “Манай яамнаас “Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалт ярилцлагыг санаачлан  зохион байгуулж байгаа.  Өнөөдөр амьтан ургамлын салбарын эрдэмтэдтэй уулзаж, та бүхний шинжлэх ухаанд суурилсан үнэтэй санал, зөвлөмжийг сонсох нь  нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье. Та бүхэн  амьтан, ургамлын баялгийн нөөц, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үйл хэргийн төлөө мэдлэг, боловсрол, үйл ажиллагаагаа зориулж яваа хүмүүс. Үндсэн чиг үүргийн яам болсноос хойш байгалийн нөөц, түүний дотор амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх зэрэг асуудлаар салбар дундын зохицуулалт хийх үүрэг хүлээгээд байна.

Бид нэн ховор, ховор амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэнд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөөцийг тогтвортой ашиглах, боломжтойг нь нөхөн сэргээх зорилтыг тавин ажиллаж байна. Бидэнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх зэрэг олон тулгамдсан асуудлууд байна. Манай оронд уур амьсгалын дулаарал, цөлжилт, бэлчээрийн талхлагдал, уул уурхайн болон хөрсний элэгдэл эвдрэл, хүн ам, мал сүргийн төвлөрөл нь амьтан, ургамлын нөөцөд бодитой аюул учруулж байна.

Цаашид байгалийн ургамлын тухай 1995 онд батлагдсан хуулийг шинэчлэх, улмаар амьтан, ургамлын тархац нөөцийг тогтож, экологи-эдийн засгийн үнэлгээ өгөх, тэдгээрийг судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр ШУА, МУИС-тай байгуулсан гэрээгээ шинэчлэх бэлтгэл хийж байна. Энэ цаг хугацаанд бид салбарын эрдэмтэн судлаачдын санал, санаачлагыг сонсож зөвлөлдөхөөр та бүхнийг урьсан. Амьтан, ургамлын талаар баримтлах бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид та бүхний оролцоо өндөр байх бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмжөө өгнө гэдэгт итгэл төгс байна” гэв.

Уулзалтад оролцсон эрдэмтэд өөрсдийн хариуцсан салбар чиглэл бүрээр үгг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач Н.Батсайхан “Бид ховор, нэн ховор гээд нэрлээд байгаа амьтан ургамлаа ямар үндэслэлээр энэхүү шалгуурт оруулсныг тодорхой болгох хэрэгтэй. Хүмүүс ховор, нэн ховор ангилалд хамаарагддаг төрөл зүйлийг ялгаж салгаж ойлгодоггүй. Энийг тодорхой болгох хэрэгтэй. Үүнээс гадна малчид өвөл болохоор малаа харж ханддаг. Харин ан амьтдаа тэр бүр тоодоггүй.

Иймээс ан амьтдыг хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй энэ талаар тодруулж өгнө үү” хэмээв. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба энэ асуудал үнэхээр тулгамдаж байгаа асуудал мөн. Агнуурын бүс нутгийн менежментийг эзэнтэй болгох тал дээр манай яамнаас арга хэмжээ авч ажиллахаар болсон. Амьтдыг хариуцах эзэнтэй болох нь олон сайн талтай. Мөн яамнаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-ыг “Биологич эрдэмтээ сонсох” өдөр болгон тэмдэглэх санааг гаргасан гэлээ.

МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш Ш.Даариймаа “Манай улсад 1970-1990 онд судалгааг маш сайн хийж, судалгааныхаа үр дүнг хэрэглээ болгон ашигладаг байсан. Харин одоо судалгааны үр дүнг хэрэглээ болгон ашигладаг газар байхгүй. Үүнээс гадна эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хоорондын улдаа холбоог бэхжүүлэн ажиллах ёстой” гэв. Мөн тус сургуулийн багш, доктор, дэд профессор, ургамал судлаач Б.Оюунцэцэг “Монголын Улаан дансанд нэн ховор 148 ургамал, 355 ховордсон ургамал бүртгэлтэй байдаг.

Гэвч энэхүү жагсаалтыг харахад нэн ховор биш ургамлууд нэн ховор төрөл зүйлд хамаарагдсан байдаг. Ийм болохоор манай улс Гербарын сантай болох хэрэгтэй” гэлээ. Ийнхүү эрдэмтэд судлаачид өөр өөрсдийн санаа бодлыг БОАЖЯ-д уламжиллаа. “Биологич эрдэмтдээ сонсъё” уулзалтанд ирсэн эрдэмтэд судлаачид энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад талархаж, цаашдаа хамтран ажиллахыг уриалсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here