Нүүр хуудас Нийгэм ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

157
0

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”боллоо.Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ: “Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхэт ёсыг улс төр, дипломат арга замаар хангах үндсэн чиг үүрэгтэй, 1911 оноос түүхэн эхлэлтэй, мятрашгүй эх оронч чин ван Ханддоржийн суурийг нь тавьсан Гадаад харилцааны яам өнөөдөр төв аппаратдаа 142 ажилтан, албан хаагчтай. Дэлхийн 36 оронд 45 дипломат төлөөлөгчийн газартай том айл болжээ. Монгол Улс өнөөдөр 186 улстай дипломат харилцаа тогтоон, олон улсын олон талт 58 байгууллагад гишүүнээр элсчээ. Мөн дэлхийн дахинаа бүрэн эрхт хүлээн зөвшөөрөгдсөн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй нэгэн гишүүн болоод байна” гэлээ.“Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, худалдааны нөхцлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 140 мянган монгол иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх, тэдний ажил амьдралд тус дэм болоход Засгийн газар, Гадаад харилцааны яам ажлынхаа нэг гол чиглэл болгон ажиллаж байна. Өнөөдөр ГХЯ-ны 13 алба хэлтэс, Монгол Улсад суугаа 18 Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар асраа засч, ажлаа танилцуулахад бэлэн болоод байна” гээд иргэддээ  өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ГХЯ-наас гадна Монгол Улсад суугаа Австрали, Америк, Англи, Вьетнам, Герман, Казахстан, Канад, Куба, Кувейт, БНСУ, БНХАУ, Лаос, Турк, Франц, Чех, Энэтхэг, Эмиратын ЭСЯ, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, Шведийн өргөмжит консулын газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Дипломат эмэгтэйчүүдийн клуб зэрэг байгууллага сурталчилгааны булан ажиллуулж  оролцлоо. Өдөрлөгт оролцсон иргэд өөрийн сонирхсон болон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг яамны ажилтнуудаас биечлэн авч, гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн ярилцаж байлаа. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн иргэдээс гаргасан санал хүсэлт, зөвлөгөөг нэгтгэн анхаарвал зохих асуудлыг цаашдаа үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллана гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here