Нүүр хуудас Нийгэм Монгол бүжгийн “Хатан эх” Д.Нанжид таалал төгслөө

Монгол бүжгийн “Хатан эх” Д.Нанжид таалал төгслөө

411
0
bujigchin-Nanjid
Монгол бүжгийн “Хатан эх” Д.Нанжид таалал төгслөө

Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин, нэрт бүжиг дэглээч, монгол бүжиг судлалыг үндэслэгчдийн нэг, бий биелэгийн “Хатан эх” Дунжаагийн Нанжид 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, монголын бүжгийн урлаг, соёл, урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.

Д.Нанжид нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрж, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1945-1972 онд Улсын эстрад концертын товчоо, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуульд бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ, 1991-1992 онд “Дүнжингарав” чуулгад бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд багш, 1993 оноос Эртний сайхан чуулга, 1993-2013 онд СУИС-ийн Театрын урлагийн факультетийн бүжгийн тэнхимийн багш, 2013-2019 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байлаа.

Д.Нанжид нь амьдралынхаа 70 орчим жилийг уламжлалт бүжгийн олон төрлүүдийг судлан сурвалжилж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд зориулж, монгол бий биелгээг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах өвд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, түмний бишрэл хүндэтгэлийг хүлээсэн хүндэт багш байсан юм. Тэрээр “Монгол ардын ба сонгодог бүжгийн үндсэн дасгалууд”, “Монгол бүжгийн намба төрх үндэсний өвөрмөц онцлог” (1998), “Монгол бүжгийн дэг зохиомж” (2003), “Монгол бүжгийн түүхэн уламжлал, хөгжлийн шинэ хандлага” (2009), “Бий бийлэхийн гайхамшиг” (2010), “Монгол бүжиг” (2017) зэрэг ном бүтээл туурвисан орчин цагийн монгол бүжгийн дэг сургуулийн үндэслэгчдийн нэг байсан юм.

Анхны мэргэжлийн бүжигчдийн нэг Д.Нанжид нь 300 гаруй бүжигт бүжиглэн, “Эрх ишиг”, “Аягатай дөрвөд”, “Загасчин”, “Эрвээхэй”, “Сарлагтай хүү”, “Дөрвөн ойрад” зэрэг 40 гаруй бүжгийг гоцолж, “Манай нэгдлийнхэн” дуут бүжгийн чуулбар, “Шаргын говийн ялаа”, “Хуримын бүжиг” бүжгийн цоморлиг, “Агсал баатар”, “Хөтөл охин” бүжгийн жүжиг болон 280 гаруй бүжгийг дэглэн найруулсан билээ.

Д.Нанжидын хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 1969 онд БНМАУ-ын “Гавьяат жүжигчин” цол, 1981 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”, 1986 онд “Алтан гадас” одон, 2011 онд “Шилдэг соёлын өвлөн уламжлагч”-аар тодруулж “Мөнгөн мод” цом, 2018 онд “Ардын жүжигчин” цолоор тус тус шагнасан юм.

Монголын урлагийн “Алтан үе”-ийн төлөөлөл, нэрт бүжиг дэглээч, бүжгийн багш, сурган хүмүүжүүлэгч, бүжиг судлаач, Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат Жүжигчин, монголын уламжлалт бүжиг бий биелэгийн “Хатан эх”, СУИС-ийн хүндэт профессор Дунжаагийн Нанжид эрхэм дээд хүмүүн таны эелдэг даруу нөхөрсөг тусч зан, яндашгүй авьяас билиг, хөдөлмөрч чанар, гайхамшигт бүтээлүүд тань монгол түмний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here