Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж гардуулж өглөө

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж гардуулж өглөө

152
0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оюу толгой” ХХК-ийн Засгийн газар, олон нийттэй харилцах хэлтсийн ерөнхий менежер Л.Оргил нар эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэхүү үйл ажиллагааны талаар “Өнөөдөр 240 сая төгрөгөөр олон асуудлыг шийдлээ. Тухайлбал300 гаруй мянган хүн, үүнээс 100 гаруй мянган хүүхдэд үйлчилдэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нярайн амьсгалын аппарат үнэхээр дутагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга өнгөрөгч арваннэгдүгээр сард эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа энэ асуудлыг шийдэж өгөхөөр болсон. Өнөөдөр энэ асуудал бүрэн шийдэгдсэн нь нярайн эмчилгээнд хүндрэл гарахгүй байхад томоохон тусламж дэмжлэг боллоо” гэв.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Амгалан, Өргөө амаржих газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Эдгээр тоног төхөөрөмжид багтаж буй нөөц ор нь амьсгалын цочмог халдварын дэгдэлт зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх буюу эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэх үед нэн чухал хэрэгцээтэй юм.

Япон улсад үйлдвэрлэгдсэн 60 сая төгрөгийн өртөг бүхий амьсгалын аппарат нь уушгины хатгалгаа зэрэг өвчнөөс үүдэн амьсгалын дутагдалд орсон нярай хүүхдийн амь насыг аврах гол хэрэгсэл болдог байна. Мөн дөнгөж төрсөн нярай хүүхдийн шарлалтыг  бууруулахад хэрэглэх шарлалтын аппарат нь ихээхэн хувь нэмэр оруулж буйг эмнэлгийн удирдлагууд энэ үеэр дуулгасан.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр барихаас гадна сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг олон нийтийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөж байгааг энэ өдөр хотын дарга танилцуулсан юм.

Ийнхүү нийгмийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд “Оюу толгой” ХХК-иас хэвтэн эмчлүүлэх 35, нөөц 250 ор, нярайн шарлалтыг эмчлэх  шарлагын 25, амьсгалын 1 аппаратыг Багануур, Багахангай, Баянгол, Налайх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийннэгдсэн эмнэлэг болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here