Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн хууль бус худалдаалалтыг таслан зогсоох зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг улсын хэмжээнд хийж гүйцэтгэлээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж буй тусгай зөвшөөрөл бүхий 172 эмийн сан, 25 эм ханган нийлүүлэх байгууллага, 31 эмнэлэг, 3 хүнс барааны дэлгүүр нийт 231 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан шалгав.
Хяналт шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй 99 нэрийн 1604 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 50 нэрийн 550 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 1 нэрийн 18 ширхэг, хадгалалтын дэглэм алдагдсан 14 нэрийн 54 ширхэг буюу нийт 163 нэрийн 2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн илэрснийг хурааж, устгалын комисст шилжүүллээ.
Улмаар зөрчил гаргасан 13 байгууллага, 28 албан тушаалтанд шийтгэвэр ногдуулж, 3 байгууллагад нөхөн төлбөр тавьсан байна.