Хэнтий аймгаас олдсон онгоцны 2 ширхэг бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Тодруулбал Баян-Овоо сумын Гүрмийн нуурын зүүн захаас 200 метрийн зайд онгоцны 2 ширхэг бөмбөг байна гэсэн нутгийн иргэдийн мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүний хамт газар дээр нь очиж ажиллажээ.
Ажлын хэсгийг тухайн газарт очиход урт нь 70 см, диаметр 75 см, урт нь 58 см, диаметр 68 см-тэй онгоцны 2 ширхэг бөмбөг байсан бөгөөд сумын удирдлагууд бөмбөгийг элсэрхэг хөрсөнд 60-90 см гүнд булаж далдлан тэмдэглэж, хамгаалалтад авсан байсан аж.
Тиймээс устгалын бүлэг бөмбөгийг ухаж гарган Гүрмийн нуураас 7 км зайд Могойт хошууны карер байсан нүх рүү зөөвөрлөж өндөр хамгаалалтан дор тэсэлж аюулгүй болгожээ.
Энэхүү бөмбөг нь 1939, 1945 оны дайны үед хэрэглэж байсан байлдааны зориулалттай онгоцны бөмбөг байсан байна. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ЗХУ-ын АТУА-ийн 150 дугаар бөмбөгдөгч авиацын хороо, 2-3 зенитийн дивизонтой байрлаж байжээ.