Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. УИХ-ын 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай Тэмцэх Газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.
Авлигатай Тэмцэх Газар 10 жилийн ойгоо угтан авлигын эсрэг олон улсын өдрөөр “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлээд эхэлжээ. Түүнчлэн иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон нийтийн төв” байгуулаад байна. Энэ төвд иргэн бүр чөлөөтэй нэвтэрч болох бөгөөд Авлигатай Тэмцэх Газрын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талын бүх мэдээллийг авах боломжтой юм.
Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох үүднээс Олон нийтийн дэд зөвлөлийг ажиллуулахаар орон нутагт гурав хүртэлх иргэнийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү хяналтын зөвлөл нь 21 аймагт буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах ажээ.
Энэ хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулах юм байна.
Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн салбар хуралдаантай үргэлжлэх ажээ.
Энэхүү томоохон арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох юм байна.
“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы салбар хуралдаануудыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “Ийгл” телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.