Энэ сарын 22-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нарын хамтарсан баг 7 настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ.
68 хүний бүрэлдэхүүнтэй баг хагалгааг өглөөний 06.00 цагаас эхлүүлж, 22.30 цагт амжилттай дуусгасан бөгөөд энэ нь манай улсад хийж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх, харин хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа болж буй юм.
Төрсний дараахь шарлалт нь арилахгүй байсан Л.Бүжинлхам охиныг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд үзүүлж, оношлуулахад төрөлхийн цөсний замын битүүрэлтэй нь тогтоогдсон бөгөөд мэс заслын эмчилгээ хийсэн боловч элэгний хатуурал үүсч, элэг шилжүүлэн суулгахаас аргагүйд хүрчээ.
Охины ээжийг донор болгож, элэгний 33 хувийг охинд шилжүүлэн суулгажээ.