“Хорхе Луис Борхесийн оньсого мэт бүтээлүүд уран зохиолд шинэ салхи оруулж, утга зохиолын ертөнцийг үүрд өөрчилсөн юм. Хүн бүр заавал Борхесийг унших хэрэгтэй.” Жэйн Чиабаттари
Хорхе Луис Борхесийн зохиолыг эхлэн уншихад цагаан толгойн шинэ үсэг юм уу хөгжмийн шинэ нот олж нээсэн мэт санагдаж билээ. Түүний анд нөхөр бөгөөд хамтран зүтгэгч Адолфо Био Касаресын хэлснээр түүний бичвэрүүд эссэ богино өгүүллэгийн дунд орших хоргодох байр юм. Түүний өгүүллэгүүдээс хувийн шинж чанар бүхий элэглэл, далдын нууцлаг, хорон егөөтэй шинж чанар нэвт үнэртдэг. Төөрдөг байшин, толь, шатар, гэмт хэргийн түүхүүдийг ашиглан бүтээсэн нарийн түвэгтэй оюун санааны талбар бүхий, егөөтэй өнгөөр илэрхий тод бичигдсэн түүний бүтээлүүд ихэвчлэн огцом хурц эхлэлтэй бөгөөд товч тодорхой байдаг. Тэрбээр дүрслэхүйн гайхамшгийг энгийн үгээр өгүүлж, өөрийн хязгааргүй төсөөллийн олон салаа зам руу уншигч биднийг татдаг.
Киборгуудын талаар өгүүлэгч Виллиам Гибсон хамгийн анх Борхесийг уншсан сэтгэгдлээ: “Тлоун, Укьбар, Орбис Тертиус зэрэг бодитоор эс орших түүний ертөнцүүд миний тархинд хэрэгцээтэй байсан програм хангамжийг суулгаж өгсөн. Миний нөөц бололцоог хувь илүү нэмэгдүүлсэн.” хэмээн илэрхийлжээ.
Хагас зууны өмнө, түүний өгүүллэгүүдийн түүвэр Фиксионес Англи хэлнээ хэвлэгдэхэд уугуул хот Буэнос Айрес, анхны орчуулга нь 1950 онд хэвлэгдэж асан Парисаас хэтэрч үзээгүй түүний нэр дэлхий дахинаа түгсэн юм. 1961 онд олон хэвлэлийн газрууд түүний утга зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хамгийн анхны Форменторын шагналыг Самуел Беккэттэй хамтран олгов. Тэрхүү шагнал Фиксионес болон Лабиринтууд номыг нь уншигч олонд түгээж, Борхест дэлхий нийтийн хүндлэл, алдар нэрийг авчирсан билээ.
Төөрдөг байшинг гэтлэхүй
Борхес хүүхэд ахуйгаасаа номын амтанд шимтэж, сонгодог уламжлал болон олон соёлын туульсыг үнэлдэг нэгэн байж. Борхесийн зохиолыг орчуулж, анх америкчуудад хүргэсэн Доналд Э.Иэтсийн өгүүлснээр түүний эцэг цөөн хэдэн яруу найрагтай, хэр тааруу ч гэсэн түүхийн зохиол бичиж, Фицжералдын Рубайяатыг Испани хэлнээ хөрвүүлж байсан агаад хожим Борхесийг хараагүй болгосон нүдний өвчин нь эцгээс нь удамшжээ. Харин түүний Англи гаралтай эмэг эх нь Английн сонгодог уран зохиолуудыг түүнд уншуулдаг байж. Хүүхэд байхын холын хараа муутай байсан учир түүнд харагдаж буй ахуйгаас илүү хэвлэмэл үгс илүү чухал байсан болов уу гэж Иэтс дурджээ.
Бяцхан хүү Борхес шүлэг яруу найраг оролдож, Самуэл Тэйлор Колеридж, Томас Дө Квэнсигийн Британника нэвтэрхий толь дахь нийтлэлүүдийг олж уншихын тулд өдөр бүр номын санд зочилдог байв. Харин түүний өсвөр нас Женев, мөн Испанид өнгөрчээ. Насанд хүрмэгцээ номын санчаар ажилд орж, хожим Аргентиний Үндэсний Номын Сангийн захирлаар ажиллаж байв. 1930 он гэхэд яруу найргийн гурав, эссэний түүвэр бүхий гурван номоо хэвлүүлэв. 1939 оноос 1949 оны хооронд өөрийг нь алдрын зэрэгт хүргэсэн бүхий л зохиол бүтээлээ туурвижээ.
Зургийн тайлбар: Борхесийн хөшөө. 1955 онд Борхесийн захирлаар нь ажиллаж асан Аргентиний Үндэсний Номын Сан.
“Бүхий л зохиолч нар өөрийн өмнөх дүрээ бүтээдэг. Түүний зохиолууд ирээдүйг өөрчилдөг шигээ бидний өнгөрсний талаарх үзлийг өөрчилдөг”. Борхес – “Кафкагийн тухай эссэ”
Борхесийн бүтээлүүдэд Пол Валеригаас Артур Шопенхауер, Дантегаас Беовүлф, Каббала нөлөөлжээ. Орчуулгын бүтээлүүд нь өргөн хүрээг хамарч, Волт Витмэн, Эдгар Аллан По, Жеймс Жойс, Виллиам Фолкнер, Виржиниа Вүүлф, Андре Гиде, Франц Кафкагаар зогсохгүй хуучин англи, норс хэл дээрх зохиолуудыг хөрвүүлж байв. Харин тэрбээр Хэнри Жэймс, Ринг Ларднерийн өгүүллэгүүд, Марк Твэйн, Роберт Луйс Стивенсон, Луйс Карролл, Жозеп Конрадыг шүтэн бишрэгч байлаа.
“Борхесийн бүтээлүүд гэмт хэргийн түүх, шинжлэх ухааны уран зөгнөлийн зуурмагийг уран баримал мэт няхуур бүтэцтэй холин, философийн зовнилыг нэгтгэсэн халуун хүйтний туйл, хайлш юм. Тэр Буэнос Айрест үнэн голоосоо хайртай байсан ч түүний зохиосон ертөнц номын сангаас эхтэй байлаа” Шүүмжлэгч Марсела Валдес.
Түүний бусдаас урьдан, шинээр нэвтрүүлсэн бүхэн Фиксионесийн мөрүүдэд гялалзтал дурайн буй. Тэрбээр өөр өөр жанрыг хооронд нь холин шинэ урсгал үүсгэгчдийн анхдагч байв. Ном бичих, төөрдөг цэцэрлэг бүтээхийн төлөө бүхнээ зольсон Хуннаны захирагчийн удам, Хятадын тагнуулч Доктор Юу Цунгийн хүүрнэл мэтээр өгүүлэх Салаа замын цэцэрлэг зохиол нь үүний тод жишээ юм. Уг зохиол нь нэг талаараа нүсэр оньсого, нөгөө талаараа цаг хугацааг ёгтлон үзүүлсний дээр гэмт хэргийн туужийн шинжтэй.
Зургийн тайлбар: Лабиринт Борхесийн бүтээлд олонтоо дүрслэгдсэн байдаг. Британий уран барималч Рандолл Коате Аргентин зохиолчийн дурсгалд зориулан хэд хэдэн лабиринт бүтээжээ.Дугуй хэлбэрт балгас хэмээх түүний зөгнөлт зохиолд аглаг хийдэд даяанчлан буй шидтэний зүүдний талаар өгүүлдэг. Үүн дээр Борхесийн өнөөх тайлагдашгүй бодол цухалздаг юм, “Би жинхэнээсээ зүүдэлж байна уу, эсвэл одоогийн ахуй минь зүүдэн дэх хүний зүүд юм болов уу?”
Үл үзэгдэгч номууд
Фиксионесоос түүний ном, бичвэрүүдэд хандах үндсэн хэв маяг болон постмодернист хэв шинжийн аль алийг харж болно.
“Тоо томшгүй олон номыг зохиох нь хүчир бөгөөд үр өгөөжгүй, илүү ажил юм. Үүний оронд эдгээр номуудыг аль эрт бичигдсэн мэтээр сэтгэж, тайлбар зүүлт хийсэн нь илүү дээр. Утга учиргүй, залхуу арга мэт санагдах ч шалтгаан байгаа учраас би төсөөллийн номуудын талаар бичихийг л илүүд үзнэ.” Борхес 1941 он.
Борхесийн би баатар бүхий анхдагч зохиолуудын нэг болох Аль Мутазимд шадарлахуй (1938) нь өвөг дээдсээс уламжлан ирсэн исламын хувь тавиланд үл итгэгч Бомбей хотын хуульчийн бичсэн үл үзэгдэгч номын товч тайлбар мэтээр бичигдсэн зохиол юм. Дон Кихотын зохиогч Пьир Менар богино хэмжээний өгүүллэгт төсөөллийн зохиолч Менар Дон Кихотын мөрүүдийг дахин шинээр төсөөлөн буйгаар гардаг. Борхесийн дэнсэлснээр бүх л зохиол уншигчдын гар дээр очихоороо дахин шинээр бичигддэг аж. Бабелийн номын сан өгүүлэлд зургаан өнцөгт үзүүлэнгүүдээс бүрдэх, төв хэсэгтээ намхан хашлагаар хүрээлэгдсэн агааржуулах хоолой бүхий Номын сан хэмээгдэх хязгааргүй, тодорхой бус ертөнцийн тухай өгүүлдэг.
Марио Варас Лоза, Гуеллэрмо Кабрера Инфанте, Габриел Гарсиа Маркес, Карлос Фуэнтэсийн алийг нь ч бус Хорхе Луйс Борхесийг Латин Америкийн утга зохиолын эцэг хэмээдэг нь учиртай. Шервүүд Андерсон Америкийн үргэлжилсэн үгийн зохиолуудад нөлөөлсөн шиг Борхес Латин Америкийн утга зохиолд гүн гүнзгий мөрөө үлдээсэн. Вайдесийн хэлсэнчлэн Борхесийн нөлөө ороогүй нэг ч Латин Америкийн орчин үеийн уран зохиол байхгүй. Латин Америкийн шинэ үеийн бүхий л зохиолд түүний нөлөө шууд туссан байхаас гадна Хулио Кортасарын богино өгүүллэгүүд, Сесар Айрагийн туужууд, Роберто Боланьогийн бүтээлүүдээр дамжин шингэжээ.
1986 онд агуу зохиолч нас өөд болов. Гэсэн ч түүний алдрын замнал өнөөг хүртэл үргэлжилсээр. Пенгвин Классикаас эрхлэн гаргасан түүний таван боть номыг орчуулан, шүүн ариутгасан Сузанне Жилл Левин “Өнөөдөр бид Борхесийг XX зууны хамгийн нөлөө бүхий зохиолч хэмээхэд болохгүй зүйлгүй” гэжээ. Яагаад гэж үү? Учир нь тэрбээр Хойд, Өмнөд Америкийг, Европ, Америк тивийг, хуучин ертөнцийг орчин үетэй холбосон цоо шинэ утга зохиолын ертөнцийг өөрийн гараар бүтээсэн юм. Амьдарч ахуйдаа бүтээсэн зохиолууд нь бидэнд цоо шинэ зүйл гэж огтоос үгүйг ойлгуулдаг. Шинэ бүтээл бол дахин бүтээж буй явдал, бид ердөө л цаг хугацаа, орон зайгаар холбогддог зөрчил бүхий нэгдмэл оюун санааны нэг хэсэг. Хүн гэдэг амьтан уран зохиол гэгчийг бүтээгч төдийгүй, бидний амьдрал ч тэр чигтээ уран зохиол. Бидний бодлоороо бүтээсэн, мөн хүртэн мэдэрч буй бүхэн уран зохиол, бидний мэддэг бүхэн ч уран зохиол.
Мөн тэрбээр “Дэлхийг хэрсэн аалзны тор (WWW) хэмээх цаг хугацаа, орон зай нэгдэн, зэрэгцэн оршдог ертөнцийг би Борхесийн бүтээл гэж санадаг. Түүний алдартай зохиол Алеп-т гардагчлан бүхий л цаг хугацаа, хорвоо ертөнцийн бүх л зүйлс еврей цагаан толгойн эхний үсэгт багтдаг аж. Борхесийн өгүүлснээр “Би түүнийг эргэлдэж байна гэж бодтол, үнэндээ түүн дотор оршин буй дэлхийн толгой эргүүлсэн хуурмаг үзэгдэл байж. Алепийн диаметр нэг инчээс үл ялиг том, гэхдээ л бүх орон зай бодитоор, өөрийн хэм хэмжээг хадгалан оршиж байсан юм.”