Итали, Монголын хамтарсан төслийг санаачлан зохион байгуулагч, C.Аяана, удирдаач Якопо Сипари Ди Пескассероли, гоцлол дуучин Приэто Игнасио болон ГХЯ-ны гадаад сурталчилгааны соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, Монгол Улсын соёлын элч Ж.Өнөрмаа нар хэвлэлийн хурал хийлээ.
“Үнсгэлжин” буюу Cindrella дуурийг Монголд анх Дэлхийд алдартай хөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пескассэроли удирдлага дор долдугаар сарын 2-ны өдөр ганцхан удаа тоглох ажээ. Анх монгол гаралтай дуучин, соёлын менежер С.Аяана энэ санаачилгыг гарган, Итали, Монголын хамтарсан төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ.
Монголыг гадаадад сурталчлах, соёлын салбарт бусад орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой уг төсөлд Европын шилдэг агентлагуудад тооцогддог Италийн шилдэг дуучид, удирдаач, Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, мөн Испани, Оросын уран бүтээлчид нэгдэн оролцох гэж байна.
Нэрт удирдаач Якобо Сипари Пескассэроли тоглолтын талаар хэлэхдээ “Би Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. Яагаад гэвэл Монгол Улс бол баатруудын эх орон. Монголын уран бүтээлчид үнэхээр чадварлаг хүмүүс байдаг. Миний гол үүрэг бол тоглолт удирдан явуулах. Гэхдээ би цаашид Монголын энэ их өв соёлыг өөрийн эх орондоо сурталчлахад үргэлж анхаарах болно. Цаг давчуу, бэлтгэл маш богино хугацаанд хийгдэж байгаа ч та бүхэндээ чанартай, сайхан тоглолтыг хүргэх болно” гэж ярилаа.