Нүүр хуудас Спорт МУГТ О.Насанбурмаа ДАШТ-ээс ДӨРВӨН МЕДАЛЬ хүртлээ

МУГТ О.Насанбурмаа ДАШТ-ээс ДӨРВӨН МЕДАЛЬ хүртлээ

206
0
nasanburmaa
МУГТ О.Насанбурмаа ДАШТ-ээс ДӨРВӨН МЕДАЛЬ хүртлээ

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртсэн нь өнгөрсөн шөнийн хувьд түүхэн өдөр байлаа.

О.Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Канадын Жюстина Ди Стасиотод ялагдаг мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ энэ амжилт бол Монголын спортын түүхэнд шинэ амжилт юм.

О.Насанбурмаа одоогоос 10 жилийн өмнө Японы Токио хотод болсон ДАШТ-д 67 кг-ын жинд хүрэл медаль хүртэн Монгол түмнээ баярлуулж байсан. Тэгвэл тэрбээр 2011, 2013 онд дахин хүрэл медальтай ирж байв. Гурав дахь хүрэл медалиа зүүгээд ирэхэд нь голонгүй байсан нь олон бий. Учир нь түүнээс алт эсвэл мөнгөн медаль хүлээж байлаа. Тэгвэл энэ жил мөнгөн медаль хүртэж, олон жил хүлээсэн ард түмнийхээ итгэл найдварыг алдсангүй. Мөн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх болж байна.

Харин гурван медаль хүртсэн дараах тамирчид байна. Чөлөөтийн бөхчүүдээс Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр алт, нэг мөнгө, гавьяат тамирчин О.Бурмаа нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол З.Ойдов хоёр алт, нэг хүрэл, Х.Баянмөнх нэг алт, хоёр мөнгөн медальтай. Мөн жүдо бөхийн тамирчдаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа хоёр алт, нэг мөнгөн медалийг дэлхийн дэвжээнээс хүртээд байна.

Энэ жил Монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд чөлөөт бөхийн тамирчдын амжилт шинэ түүхээр үргэлжилсээр байна.

О.Насанбурмаа “Гуанжоу 2006” ДАШТ-д анх зодоглосон бол 2007, 2009, 2016 онд өнжжээ. Харин “Токио 2008”, “Станбул 2011”, “Будапешт 2013”-с хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү амжилтаа энэ жил мөнгө болгон ахиуллаа.

Тэрбээр 1989 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний аав Баянхонгорын Шинэжинстийнх бол ээж нь Увсын Хяргас сумын уугуул аж. Үндэсний шигшээ баг, “Алтай констракшн” ХХК, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин юм.

Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авч ирэхээр боллоо.

Гавьяат тамирчин Очирбатын НАСАНБУРМААГИЙН гол амжилтууд

ДАШТ:

“Токио 2008” – Хүрэл медаль (67 кг)
“Станбул 2011” – Хүрэл медаль (63 кг)
“Будапешт 2013” – Хүрэл медаль (67 кг)
“Будапешт 2018” – Мөнгөн медаль (72 кг)

Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here