Монголын боулинг сонирхогчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 9 дэх жилдээ хамтран зохион байгуулж буй “City cup-2017” тэмцээн Big bowling төвд болж өндөрлөлөө.
Тэмцээний аваргын цом, алтан медалийн эздээр “Багануур” ХК-ийн баг тодорч, мөнгөн медалийг Санхүү эдийн засгийн их сургууль, хүрэл медалийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг хүртсэн юм.
Медалийн төлөөх тоглолтонд СЭЗИС 745, “УБЦТС” ТӨХК-ийн баг 744 оноо авч, мөнгө, хүрэл медалийн өнгө ердөө ганцхан онооны зөрүүгээр шийдэгдсэн. Хоёр ч баг гаргах чадалтай, удаа дараалан аваргын цом, мөнгө, хүрэл медалийг хамж байсан ТЭЦ-3 компанийн нэгдүгээр баг энэ удаа Багануурын хоёрдугаар багт нилээн хэдэн онооны зөрүүгээр хожигдсон.
Шилдэг тоглогч буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Багануур” ХК-ийн тамирчин Б.Батболд 236 оноогоор, эмэгтэйчүүдээс “Мобиком”-ын тамирчин Б.Оргилмаа 209 оноогоор шалгарч, алтан медаль, аваргын цом хүртлээ.
Мөн нэг удаагийн тоглолтондоо хамгийн өндөр оноо авсан багаар “Багануур” ХК-ийн баг шалгарч давхар шагнал авсан. Өмнөх “Strikes” клубын нэрэмжит өндөр шагналын сантай тэмцээнд хэсгээсээ ч шалгарч чадаагүй Багануурчууд энэ удаа нэгдүгээр баг нь аварга болж, хоёрдугаар баг нь тусгай байранд шалгарч цойлсон амжилтын эзэд боллоо.