Өглөө эрт босно гэдэг олон ажил амжуулж, хүмүүсээс өрсөж амьдарна гэсэн үг. Төлөвлөснөө хийхээс гадна өөртөө хариуцлагатай байж, эрт унтаж эрүүл мэндээ хүртэл хамгаалах хамгийн сайн арга.
Хүүхэд байхад өглөө 6.00 цагтай уралдаад “сүү аваарай, сүү аваарай” гэх хүмүүс хаачив? Сүү байтугай онгорхой нэг ч газар байхгүй. Саяас дээш хүнтэй метрополис хот хэр нь сайхан өглөөний цай уучих кафе, хоолны газар, эмийн сан, өглөөний сонин гарчиглачих тохитой газар ховор. Байгаа нэг нь “баячуудын” хороолол дунд мэр сэрхэн.
Би 11 дүгээр хороололд амьдардаг байж хэзээ ч өглөө эрт Зайсангийн “Том эн Томс” орохгүй. Үйлчилгээний бизнес эрхэлж байж эдийн засаг хямраад байна, орлого муудаад байна гээд л лам бөө, фэнг шүй эргүүлдэж явдаг.
Уг нь өөрийнхөө ажиллуулж байгаа газраа эрт онгойлгоод хүн орж ирэхгүй ч байсан хамаагүй цэвэрлэгээгээ өөрөө хийж, тооцоогоо өөрөө бодвол бусдад илүү цалин төлөхгүй, хэзээ нэг өдөр өглөө эрт хүмүүс орж ирдэг болно” гэж өөр нэг хүн бичжээ.
Үнэхээр манай үйлчилгээний газрууд ихэнхдээ 10-аас нааш онгойдоггүй. Гэтэл ажилдаа явах замаараа хөнгөхөн цай уучих, үс сахлаа засуулчих, хумсаа янзлуулчих хэрэгцээтэй хүмүүс цөөнгүй. Манайхаас бусад оронд өглөөний цай эрүүл мэндэд сайн гэдгийг аль эрт судлаад өглөөний 6 гэхэд төрөл бүрийн сонголттой цэс гаргасан байдаг.
6-8 цагийн хоолнууд бусад үеэс үнийн хувьд ч хямд байдаг. Гэтэл манайх мөд онгойдоггүй шигээ яагаа ч үгүй эрт хаана. Дэлгүүр ч адилхан. Хүмүүсийг ид ажлаа хийж байхад нь лангуугаа ажиллуулчхаад, ажил тарах үеэр зэрэгцээд хаахаар яаж ашиг орлоготой байх вэ? Ажлын цаг хийлүүлэхээс аргагүйд хүргэж байгаа энэ хэв маягийг өөрчилмөөр.
Үсчин, бусад үйлчилгээ бас ялгаагүй. Завгүй ажилладаг бид амралтын 2 өдрийг гэр бүлдээ зориулж, хотоос гарах ч юм уу орчноо сольж өнгөрөөмөөр байдаг, гэтэл дэлгүүр орох, үсчин явах гэхчлэн ахуйн бусад ажил орхигддог.
Зүй нь худалдаа үйлчилгээний газрын эзэд хүмүүсийн яг завтай, сэргэлэн, өөдрөг байх өглөөний цагийг ашиглаж чадахгүй бол ашиг орлогоо нэмэх тухай бодоод ч хэрэггүй юм. Хятадын бүх дэлгүүр өглөө 7 цагт онгойно. Бээжин өглөө 6 цагт зам нь түгжирдэг.
Японд өглөөний 5.00 цаг өнгөрөхөд метронд хүн нь багтахаа больдог гээд бусад улс орны хэв маяг нэгийг өгүүлнэ.
Жишээ:
Та нэг цайны газрыг сарын 800 мянгаар түрээсэллээ гэж бодъё. Хоногийн 24 цагаар тооцоход нэг цагийн түрээс 1110 төгрөг.
Одоогийн нийтлэг жишгээр өглөө 10.30 гэж онгойгоод орой 18.30-д гээд хаавал 8 цаг ажиллаад үлдсэн 16 цагийг нь дэмий хаяж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоногийн 17760 төгрөгийг, сардаа 532800 төгрөгийг хогийн саванд хийж байна. Төлсөн 800000-ын түрээснийхээ 267 мянгаар нь л уг ажлын байраа ашиглаж байна гээд боддоо.
Ажиллаж байгаа цагтай чинь бусдын ажлын цаг давхардах учир ашиг орлого сайн байж чадахгүй, нэг л өдөр хаалгаа барихад хүрнэ. Энэ бол Улаанбаатарын нийтлэг төрх.
Ёстой л “Өглөөний хоолыг өөртөө” гэдэгчлэн өглөөний 2, 3-хан цагийг бусдад зориулсныхаа төлөө Та өглөөний ашгийг өөртөө, өрөөлөөс өрсөж хүртэх нь байна.